Өвөлжилтийн байдлыг газар дээр нь үзэхээр ажлын хэсэг 24 суманд ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймагт цагаан болон цагаанаар зудархуу нөхцөл байдал үүссэнтэй холбоотой аймгийн Онцгой комисс болон ЗДТГ-аас шуурхай арга хэмжээ авч аймгийн Засаг даргын А/295 тоот захирамж гарган 24 суманд ажлын хэсэг ажиллаж байна. Засаг даргын захирамжийн дагуу төв суурингийн болон хөдөө аж ахуйн 88салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хэсгүүд ажлын нарийвчилсан төлөвлөгөөний дагуу сумдын өвс тэжээлийн нөөц эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, шатахууны нөөц, өвөлжилтын байдалтай газар дээр нь танилцаж зарим хүндрэл бэрхшээлийн талаар санал солилцож зөвлөмж өгч, шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг судлах ажлыг хийж байна.
Хойд бүсийн сумдын газар нутгийн төв болох Түдэвтэй суманд түр нөөцийн цэг байгуулж 300 тн өвсийг нөөцөлжээ. Харин зүүн бүсд Тосонцэнгэлд 100 тн, Тэс суманд 50 тн, говийн бүсд Завханмандал суманд 50 тн, төвийн бүс Улиастай суманд 50 тн, урд бүсд Шилүүстэйд 50 тонныг улсын төсвөөс санхүүжүүлэн нөөцөлжээ. Мөн аймгийн өвс, тэжээлийн нөөцийг бүрдүүлэхэд 100 сая төгрөг Орон нутгийг хөгжүүлэх сангаас зарцуулж Завханмандал суманд нэмж 178,5 тонн тэжээлийг төвлөрүүлсэн байна.
Дашрамд Завханы 24 сум Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 100 тн өвс, 30 тн тэжээлээр аюулгүйн нөөц бүрдүүлэх ёстойгоос өнөөдрийн байдлаар 22 сум 1076,1 тн өвс, 110,5 тн тэжээл бэлтгэж хэрэгжилт 30 хувьтай байна. Нөөцлөгдсөн өвс тэжээлийг ихэнх сумд цаг агаарын нөхцөлтэй хамааралтай хуваарийн дагуу зарцуулалт хийж байгаа. Гэвч зарим суманд цаг агаарын нөхцөл байдлаас хамаарч төлөвлөснөөс илүү өвс тэжээлийн шаардлага бий болоод байгаа аж.
Малчдыг мөнгөжүүлэх арга хэмжээг авахыг үүрэг болгов
Аймгийн 24 сумын өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан аймгийн удирдлагууд болон Онцгой комисоос холбогдох албаныханд үүрэг даалгавар өглөө.
Тухайлбал хуваарийн дагуу аймгийн хэлтэс агентлагуудын удирдлага 24 сумтай байнгын харилцаа холбоотой ажиллах, аймгийн ХХААГ дээр шуурхай ажлын штаб ажиллаж байгаа бөгөөд өдөр бүр сумдаас шаардлагатай мэдээ мэдээлэлийг авч нэгтгэн дүгнэж, холбогдох газруудыг мэдээллээр хангаж ажиллах, малчид, мал бүхий иргэдийн захиалгыг үндэслэн өвс, тэжээлээр хангах, мал мах, борлуулах ажлыг дэмжиж, малчид иргэдийг мөнгөжүүлэх арга хэмжээ авах, отрын малчдыг эргэх ажлыг дахин зохион байгуулж, төрийн болон, эрүүл мэндийн үйлчилгээ хүргэх хэрэгтэйг анхааруулав. Дашрамд өнөөдрийн байдлаар аймгийн эрүүл мэндийн салбарын 96 байгууллагад 1113 эмч, ажилтан ажиллаж, 47 эмнэлэг, 49 эмийн сан, эм ханган нийлүүлэх төвүүд иргэдэд үйлчилж байна. Үүнээс хөдөөгийн 18 сумын Эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаа нь хэвийн байна. Үлдсэн эрүүл мэндийн төвүүдийн ойрын болон алсын дуудлагын автомашинууд нь техникийн засвар хийгдэхээр болсон. Түүнчлэн зарим сумын эмнэлэг нь шатахууны өртэй, эмийн хангалт нөөц дутуу, багийн эмч унаагүй сум ч байна. Одоогоор отроор яваа болон суурин өвөлжиж байгаа малчдын хувьд эмнэлгийн яаралтай түргэн тусламжын дуудлага он гарсаар 60 гаруй ирсэн. Зудархуу байгаа сумдын малчин өрхөд буй өндөр настан, жирэмсэн болон бага насны хүүхдүүдийг төв суурин газар байлгах арга хэмжээ авснаар яаралтай дуудлага ирээгүй байна. Дуудлагын ихэнхи нь хүүхэд болон өндөр настны ханиад томуу ихэссэн, жирэмсэн эхий болон зүрх судасны өвчин, даралт ихэдсэн гэсэн дуудлагууд иржээ.
Цагаан зудтай байгаа газрын мал идэш тэжээлгүйгээс хорогдож байна
Завханд цагаан зудархуу байгаа Баянтэс, Баянхайрхан, Сантмаргаз, Тосонцэнгэл, Түдэвтэй, Эрдэнэхайрхан зэрэг зургаан сум байна. Эдгээр сумдад өнөөдрийн байдлаар нийт 2491.0 малчин өрхөд 922646 мянган мал өвөлжиж байна.
Өнөөдрийн байдлаар эдгээр сумдын аюулгүйн нөөцөд өвс 301.1 тн, 36.5 тн тэжээл нөөцлөгдсөн байна. Харин отроор өвөлжиж байгаа нийт 126 малчин өрхөд 131.8 мянган мал байна. Эдгээр сумдад нийт нутгаар нь цасан бүрхүүл тогтсон. Нэгдүгээр сараас хойш гурван удаагийн цас орж цасны зузаан 15-25 см байгаа. Зарим газар малын идэш муу, мал өлдөх, осгох явдал байгаа аж. Малын хорогдлын үндсэн шалтгаан нь туранхай мал идэш хоол хомс, өлдөж, дарагдаж үхсэн. Өвчний шалтгаанаар хорогдол байхгүй байгаа ажээ.
Гарал үүслийн бичиггүй малын тэжээл өвс авахгүй байхыг сануулав
Завхан аймгийн Онцгой комисс, аймгийн ЗДТГ-аас томилогдсон ажлын хэсэг энэ сарын гуравнаас эхлэн аймгийн 24 сумд ажиллаж 2017-2018 оны аймгийн хэмжээний өвөлжилтийн нөхцөл байдал, Монгол улсын Засгийн газар, аймгийн ЗДТГ-аас авч хэрэгжүүлж байгаа бодлогын талаарх мэдээллийг хүргэж байгаа билээ. Энэ үеэр малчдад мал сүргийг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаарх мэдээллийг хүргэлээ.
Өнгөрсөн онд Завхан аймагт 1258,2 мянган малыг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамруулахаас 1207,0 мянган малыг хамруулж 99,9 хувийн биелэлттэй байна. Харин паразиттах өвчнөөс сэргийлэх арга хэмжээнд 1800,0 мянган мал хамрагдахаас 1807,0 мянган мал хамрагджээ. Бруцеллёз өвчнөөс эрүүлжүүлэх арга хэмжээнд 24 сумын 1239,8 мянган мал, бог малын мялзан өвчнөөс сэргийлэх арга хэмжээнд 678,0 мянган мал тус тус хамрагджээ. Харин халдварт өвчнөөс сэргийлэх ариутгал халдваргүйжилтийг 850 мянган м2 талбайг хамруулан хийжээ. Өнөөдрийн байдлаар Завхан аймагт малын халдварт өвчин гараагүй байгаа. Улаанбаатар болон зүүн бүсийн хилийн зааг Солонготын даваан дээр аймагруу орох постон дээр 24 цагийн хяналтыг мэргэжлийн байгууллагууд хуваарийн дагуу хийж байгаа. Малчид малын халдварт өвчин гарсан газраас гарал үүслийн бичиггүй өвс тэжээлийг гадна аймаг сумаас тээвэрлэхгүй байхыг ажлын хэсэг малчдад сануулав.
Усан хангамж хүрэлцээтэй байгаа хэдий ч зарим худаг бүрэн ажиллахгүй байгаа гэв
Завхан аймгийн 24 сумын малчид 762 уст цэгийг ашиглаж, нийт малчдын 78.1 хувь нь өнөөдрийн байдлаар усан хангамж хүрэлцээтэй байна.
Завхан аймаг 2017 онд Улсын төсвийн 35,9 сая төгрөгөөр Цагаанхайрхан, Ургамал сумдад хоёр худаг, Орон нутгийн төсвийн 26,0 сая төгрөгийн хөрөнгөөр Шилүүстэй суманд нэг худаг шинээр гаргажээ. Харин 60 сая төгрөгөөр таван худгийн ажлын дутууг гүйцтгэж ашиглалтанд өгчээ. Харин долоон сумын зарим отроор яваа малчдын хувьд худгийн насос эвдэрсэн байдалтай ундны усаа байгалийн цас, мөс ашиглан хэрэглэж байгаа гэв. Өнөөдрийн байдлаар худгийн насос 11, мотор 11-ийг худалдаж авахаар тендер зарлагдсан байгаа талаарх мэдээллийг ажлын хэсэг малчдад өгөв.
Б.Мягмарсүрэн