Зургаа хоногийн хугацаанд 7000 орчим том мал зүй бусаар хорогджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-01-10 15:37:01

Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн хэмжээгээр 24 сумын 115 багт 8994 мянган малчин өрхөд 3.6 сая мал өвөлжиж байна. Үүнээс 781 өрх, 511,3 мянган мал таван чиглэлд отроор өвөлжиж байгаа юм. Харин Архангай, Хөвсгөл, Баянхонгор, Увс аймгийн нутагт Их-Уул, Тосонцэнгэл, Сантмаргаз, Ургамал, Асгат гэсэн сумын 104 өрхийн 282 хүн, 73.3 мянган толгой мал өвөлжиж байна.
Мөн Говь-Алтай аймгаас Завхан аймгийн Цагаанчулуут, Алдархаан сумын  залгаа нутгуудаар 43 өрхийн 36,1 мянган мал, Хөвсгөл, Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Увс аймгуудын нутагт Тосонцэнгэл, Их-Уул, Отгон, Шилүүстэй, Ургамал, Сантмаргаз, Асгат, Түдэвтэй  сумдаас 107 өрхийн  71,0 мянган мал отроор  өвөлжиж байна.
Аймаг дотроо бусад сумын нутагт 16 сумаас 465 өрхийн 262,0 мянган мал, хилийн зурвас нутагт 74 өрхийн 18,1 мянган мал, тусгай хамгаалалтай бүс нутагт 89 өрхийн 96,2 мянган мал, Бага хайрханы аймаг дундын отрын бүсэд  таван сумаас 31 өрхийн 36,8 мянган мал тус тус отроор өвөлжиж байна.

Цас их орсноор өвөлжилт хүндрээд байна


Завханд 2017 оны 10 сараас 2018 оны нэгдүгээр сарын 10-ныг хүртэлх хугацаанд нийт 46 удаа их, бага хэмжээний цас орсон байна.
Энэ хугацаанд нийт нутгаар харьцангуй дулаан байсан. Харин 12 дугаар сарын гурав дахь 10 хоногийн төгсгөлөөр, шинэ оны эхний өдрүүдээс нийт нутгийг хамарсан олон удаагийн цас орж, хялмаалсны улмаас нийт нутагт  6-29 см хүртэл зузаан цасан бүрхүүл тогтсон байна.  Энэ хугацаанд хүйтний эрч эрс чангарч Говь талын нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 34-39 градус, өдөртөө 23-28 градус, Идэр, Тэс, Буянт голын  хөндийгөөр шөнөдөө 39-44 градус, өдөртөө 29-34 градус  хүрч хүйтрэлт үргэлжилж байна. Энэ хугацаанд Идэр, Тэс, Буянт голын хөндий, Хангай уулархаг нутагт багтсан сумдын нутгаар шөнөдөө хөрсөндөө 39-44 градус хүрч хүйтэрч Ургамал , Эрдэнэхайрхан зэрэг  говийн сумдад  шөнөдөө хөрсөндөө 34 градус хүрч хүйтэрсэн байна.

Цагаан болон цагаанаар зудархуу байдалд хүрчээ


Завхан аймгийн Онцгой комисс өвөлжилтийн нөхцөл байдлын талаар хуралдаж холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өглөө. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд зургаан сум цагаан зуд, зургаан сум цагаанаар зудархуу  нөхцөл байдал үүсээд байна.
Зуншлага гантай бэлчээрт өвс, ургамлын гарцгүй, малын өвс, тэжээл идэш хоол хомс, мал сүрэг нь  дундаас доош тарга хүчтэй байсан Ургамал, Завханмандал сумд найман см, Дөрвөлжин сумд 9 см, Цэцэн-уул сумд 15 гэх мэт зургаан сумд өвөлжилт хүндэрч “Цагаан  зуд”-ын байдалд хүрээд байна. Харин Сантмаргаз, Тосонцэнгэл сумд цасны зузаан 10 см, Баянхайрхан, Баянтэс сумд цасны зузаан 18см хүрч,  Цагаанаар зудархуу” нөхцөл байдалд хүрлээ хэмээн Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. Тиймээс дээрх сумдуудын холбогдох албаныхан болон аймгийн ЗДТГ-ын холбогдох хэлтэс агентлагууд газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцах үүрэг чиглэл өгчээ.

Зургаа хоногийн хугацаанд 7000 орчим том мал зүй бусаар хорогджээ

Завханы Ургамал, Дөрвөлжин, Завханмандал, Цэцэн-Уул, Сантмаргаз  сумдад малын зүй бус хорогдол гарч эхлээд байна.

Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас авсан том малын хорогдолыг мэдээллээр энэ сарын 8-ны өдрийн байдлаар Дөрвөлжин сумд 931 ямаа, 76 хонь, Ургамал сумд 579 ямаа, 426 хонь, Ццэцэн-Уул сумд нийт 222 мал, Завханмандал сумд 3810, нийт таван сумд 7000 орчим мал зүй бусаар хорогдоод байна. Мал хорогдлын үндсэн шалтгаан нь зун нь ган болсны улмаас мал тарга тэвээрэг аваагүй туранхай, бэлчээрт цасан бүрхүүл тогтож идэш хоол хомсдсоноос өлдөж, дарагдаж үхсэн, өвчний шалтгаанаар хорогдол гараагүй байна. Малын хорогдол энэ сарын 2-ноос эхэлсэн тухай сумдаас мэдээлэл ирүүлжээ.

Б.Мягмарсүрэн

相关新闻