Мэс засал удирдсан эмч талийгаачийг “хайч залгисан байх магадлалтай” гэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-01-10 14:17:35
Дорнод /МОНЦАМЭ/. Эмч нарын хариуцлагагүйгээс болж хэвлийдээ 13 жилийн турш мэс заслын хайч тээж явсаар амиа алдсан талийгаач залуугийн тухай мэдээлэл олон нийтийг сэрдхийлгэлээ. 
Хэнтий аймгийн харьяат Т.Амгаланбаатар гэх залуу 2004 онд Дорнод аймгийн БОЭТ-д түгжрэл гэсэн оноштойгоор мэс засалд оржээ. Их эмч Г.Хүрэлбаатараар удирдуулсан баг түүнд хагалгаа хийж амийг нь аварсан ч харамсалтай нь мэс заслын хайчаа мартаад гэдсийг нь оёчихсон гэнэ. 
Мэс засалд орсноос хойш бие нь дээрдэхгүй байсан учир хэд хэдэн удаа эмнэлэгт хандаж, шинжилгээ хийлгэсэн ч хариу нь хэвийн гарсаар байсан аж. Талийгаачийн биеийн байдал сүүлийн хоёр жилийн хугацаанд эрс дордож, Хэнтий аймгийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байжээ. Харин өнгөрсөн онд Улсын клиникийн төв эмнэлэгт томографикийн зураг авахуулж, мэс заслын хайч нурууг нь даган, үзүүр нь дээшээ харсан байрлалтай байгааг мэджээ. Өвчтөнийг өнгөрсөн оны 10 дугаар сард яаралтай мэс засалд оруулсан ч их хэмжээний цус алдаж, нас барж, зургаан хүүхэд нь өнчин хоцорчээ. 
Талийгаач өнгөрсөн 13 жилийн хугацаанд манаачийн ажил хийж, авсан цалингаа эм тарианд зарцуулаад нас барах хүртлээ өөрийн гэсэн гэр оронгүй амьдарч байжээ. 
Харин 13 жилийн өмнө мэс засал хийсэн эмч нь “Би тэр залууг амиа алдсаныг сонсоод сүүлд хайчийг нь авах гэж хагалгаа хийсэн нэгдүгээр эмнэлгийн эмч нараас асуусан. Хамгийн гол нь эмч нар тэр хайчийг мартаж үлдээгээд оёсон бол гэдэснийх нь гадна талд байх ёстой л доо. Гэтэл нэгдүгээр эмнэлгийн эмч нар хагалгаа хийхэд тэр хайч нарийн гэдсэн дотроо байсан юм билээ. Би тэр хүний талаар сайн судлаагүй. Залгисан байхыг үгүйсгэхгүй” гэсэн байна.  Тэрбээр өдгөө БОЭТ-ийн мэс заслын их эмчээрээ ажиллаж байгаа юм.
Одоогоор дээрх хэргийг Дорнод аймгийн Цагдаагийн газарт эрүү үүсгэн шалгаж эхлээд байна.
Д.Дэлгэрмаа

相关新闻