Өрхийн үйлдвэрлэл эрхлэгч эмэгтэйчүүдийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймаг дахь МЭХ-ны салбар зөвлөлөөс энэ сарын 16-18-ны өдрүүдэд “Манлай эмэгтэй-2017” шалгаруулах ёслол болох гэж байна. Энэ үеэр мөн “Өрх бүрийг үйлдвэрлэгч болгоё” үзэсгэлэн худалдаа, салбар бүрийн эмэгтэйчүүдийг чадавхжуулах сургалт зөвлөлгөөн болох ажээ.
Эдгээр арга хэмжээний хүрээнд Завхан аймгийн салбар бүрт манлайлан ажиллаж байгаа эмэгтэйчүүдийг алдаршуулахаас гадна 24 сумын 350 гаруй эмэгтэйчүүдийг хамруулсан уулзалт зөвлөлгөөний үеэр Завхан аймгийн брэнд болсон хонины ноосоор хийсэн 70 орчим төрлийн бүтээгдэхүүн, зүү ороох оёдлоор оёсон бүтээгдэхүүний нээлттэй үзэсгэлэн худалдаа зохион байгуулах юм байна. Үзэсгэлэнд тавигдсан бүтээгдэхүүнийг иргэдэд хямд өртгөөр борлуулах бөгөөд урамшуулалт худалдааг мөн зарлаж өрх бүртээ үйлдвэрлэл явуулж буй эмэгтэйчүүдийн бүтээгдэхүүнүүдийг нэг дороос худалдан авах боломжтой юм байна. Цагаан сарыг угтаж сум бүрт үйлдвэрлэл явуулж буй эмэгтэйчүүдийн бүтээгдэхүүний дээжийг сурталчилж худалдан борлуулах, эмэгтэйчүүдэд төсөл бичих, бизнесээ хэрхэн өргөжүүлэх талаар мөн сургалт өгөх ажээ. Түүнчлэн аймгийн Засаг дарга болон аймгийн ЗДТГ, ИТХ-аас эмэгтэйчүүдийн талаар хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнах гэж байна.
Б.Мягмарсүрэн