Сумандаа үйлдвэрлэл явуулж хөрш аймгуудынхаа хэрэгцээг хангаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-01-06 21:00:11

Завхан/МОНЦАМЭ/. Завханы Отгон сумд модон бүтээгдэхүүн, Шилүүстэй сумд өнгөлгөөний тоосго, явган хүний замын хавтанг үйлдвэрлэж байна. Хүн бүр өөрийгөө дайчлаад хөдөлмөрлөж чадвал хөдөө орон нутаг, тэр дундаа суманд ч үйлдвэрлэл эрхлээд сайхан амьдарч болдгийн тод жишээг харуулж яваа Завхан аймгийн Отгон сумын Хужирт багийн иргэн Б.Лхагвасүрэн, Шилүүстэй сумын иргэн Н.Мөнхтөр нартай уулзаж сурвалжиллаа.
Отгон сумын Хужирт багийн иргэн Б.Лхагвасүрэн:

 Бүтээгдэхүүн бүр захиалгатай учраас борлуулагдахгүй байх вий гэж санаа зовдоггүй

-Сайн байна уу? Та сумандаа хэдэн оноос эхлэн модон бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн бэ? Хичнээн хүнийг ажлын байраар хангаж байна вэ?
-Би 2013 оноос тасралтгүй тав дахь жилдээ цэвэр модон тавилганы цех ажиллуулж гурван хүнийг тогтмол ажлын байраар хангаж байна. Өнөөдөр манай аймгийн төв болон зэргэлдээ сумд, Улаанбаатар хотоос захиалга огт тасардаггүй. Зарим тохиолдолд захиалгаа гүйцээж өгөх гэж их шахуу ажилладаг. Ер нь сүүлийн хэдэн жил манай хөдөөнийхөн худалдааны хятад тавилга авахаасаа илүү цэвэр модон тавилгыг илүүд үздэг болжээ. Жил бүр зургадугаар сараас есдүгээр сард захиалга ихэсдэг. Учир нь шинэ гэр бүл болох гэж байгаа айлууд тавилганы захиалга их өгдөг болсон. Бидний зорилго хамгийн гол нь цэвэр модоор, үйлчлүүлэгчдийнхээ сэтгэлд нийцсэн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж өгөхийг зорьдог.
-Үйлдвэрийн байр бий юу? Ажилчдынхаа цалин, нийгмийн даатгалыг нь төлдөг үү? Нууц биш бол цалин хэдэн төгрөг өгдөг вэ?
-Одоогоор өөрийн гэсэн байргүй, сүүлийн үеийн суурин тоног төхөөрөмж дутагдалтай байгаа ч цаашид ажлын байраа өргөтгөн бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулж, ажиллах хүчнийхээ тоог нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Өнөөдрийн байдлаар Отгон суманд мужааны мэргэжлээр төгсөж ирсэн мэргэжилтэй ажилтан байхгүй байгаа. Тиймээс энэ чиглэлээр суралцаж төгсөөд сум орон нутагтаа ажиллах хүсэлтэй залуусыг ажлын байраар хангана гэдэг зорилтыг тавьсан. Энэ жил ажлын байртай болж шинэ ажилчдын тоогоо нэмэгдүүлнэ. Ажилчдынхаа нийгмийн даатгалыг төлж байгаа. Ер нь урамшууллаар цалинжуулдаг. Ажлын бүтээмжээр нь гэсэн үг. Ойролцоогоор 350-400 орчим мянган төгрөгөөр цалинжиж байгаа.
-Танайх хэчнээн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна вэ? Бүтээгдэхүүнийхээ түүхий эдийг хаанаас авч байна. Үнэ өртөг өндөр байдаг уу?

-Өнөөдрийн байдлаар 10 орчим төрлийн модон бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Хүн юу л захиална түүнийг л хийж өгдөг дөө. Бүтээгдэхүүнээ хуш нарсаар хийдэг. Учир нь модны чанар сайн хөнгөн байдаг. Дан модон тавилга гэхээсээ илүү тавилгаа сийлбэртэй хийж байгаа. Би өөрөө удмын гарын ур дүйтэй, сийлбэр хийдэг. Тиймээс ихэнх тавилгаа өөрийн гараар сийлж чимэглэхээс гадна тавилганыхаа өнгө, будаг хээ хуарыг нь ч гэсэн захиалснаар нь хээлж өгдөг байгаа. Захиалга өгсөн айлууд тавилгаа бэлэн тавихаар болгоод л өгдөг дөө. Модоо Өвөрхангай аймаг болон Тосонцэнгэл сумаас авдаг. Үнэ нь гайгүй байдаг юм.
-Ойролцоогоор нэг тавилгыг хичнээн төгрөгөөр хийж өгдөг вэ? Зах зээлд борлуулагдаж байгаа тавилгуудаас үнэ нь хямд байж чаддаг уу?
-Тухайн бүтээгдэхүүний орц, түүхий эдийн зардлаас хамаарч үнэ нь өөр өөр байдаг. Ер нь худалдаанд борлуулагдаж байгаа тавилганаас өнгө дизайны хувьд ялгарахгүй, чанар маш сайн, бас тээврийн зардалгүйгээр нэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа болохоор орон нутагт боломжийн үнээр борлуулж байгаа. Ихэвчлэн захиалгын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг учраас борлуулагдахгүй байх вий гэж санаа зоволтгүй, бүтээгдэхүүн бүр эзэнтэй байдгаараа онцлог байдаг. Дунджаар 70-350 мянган төгрөгний хооронд л бүтээгдэхүүнээ үнэлж байгаа. Томоохон тавилга өргөн ор, хувцасны шүүгээ, ширээ, мөлхөө тавилга гээд нэг гэрийн бүрэн тавилга 2.5 сая-аас дээш үнэлгээтэй гаргадаг.  

Шилүүстэй сумын хувиараа бизнес эрхлэгч иргэн Н.Мөнхтөр:

Сум хөгжүүлэх сангийн зээл хэрэгцээтэй хүндээ үнэхээр том дэмжлэг болдог

-Сайн байна уу? Таныг сумдаа өнгөлгөөний тоосго, явган хүний замын хавтан, даацын блок үйлдвэрлэж зэргэлдээ сумдынхаа хэрэгцээг хангадаг гэж дууллаа. Үйлдвэрлэл хэр байна вэ? Борлуулалт захиалга хэр зэрэг байдаг вэ?
-Би сум хөгжүүлэх сангаас найман сая төгрөгний зээл авч үйлдвэрлэлээ эхлүүлсэн. Анх 2013 оноос хойш явган хүний замын хавтан, бродюр, блок, тоосгоны үйлдвэрлэл явуулж дөрвөн хүнийг ажлын байраар хангаж байна. Борлуулалт захиалга их сайн байдаг. Манай сум болон хөрш зэргэлдээ сумдаас захиалга их ирдэг. Хавар, зун, намартаа захиалгынхаа тоосгыг үйлдвэрлэдэг. Иргэд, байгууллагууд, бас сумд барилга барьж байгаа барилгын компаниуд тоосгоны болон блокны захиалга өгдөг. Сүүлийн үед сумын төвийн айлууд болон малчид хөдөө зуслан, өвөлжөөн дээрээ байшин их барьдаг болжээ. Тиймээс сумынхаа иргэдийн захиалгыг зарим үед гаргаж өгөх хугацаагүй шахам л болох юм. Ер нь захиалга сайн, борлуулалт ч сайн байдаг юм. Манай сумаас орон нутгийн удирдлагууд ч дэмжиж ажилладаг байгаа. Төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа байшин барилга, зам, гүүрийн ажилд манай үйлдвэрийн тоосго, блок, замын өнгөт хавтанг их хэрэглэдэг шүү.
-Та бас сумандаа гагнуур хийдэг гэсэн?

-Тиймээ төмрөөр бас үйлдвэрлэл явуулж байгаа. Төмөр хайс, хашаа, айл, албан байгууллагуудын хаалга зэргийг төмрөөр хямд өртгөөр гагнаж хийж өгдөг байгаа. Энэ маань ч захиалга тасардаггүй юм. Өнгөрсөн жил тоосго, блок, төмрийн үйлдвэрлэл дээрээ сум хөгжүүлэх сангаас 10 сая төгрөгний зээл авч үйлдвэрлэлээ өргөтгөсөн байгаа. Зээлийнхээ эргэн төлөлтийг гурван сарын дотор төлөөд дууссан. Дахин зээл авах гэж байгаа. Цаашид үйлдвэрлэлээ өргөтгөвөл 7-8 хүнийг ажлын байраар хангах боломжтой байгаа.
-Танай бүтээгдэхүүн ижил төстэй бүтээгдэхүүнээс чанар, үнийн хувьд хэр зэрэг вэ?
-Манайх орон нутгаасаа элдэв тээврийн зардалгүйгээр материалаа авчихдаг болохоор зах зээлийн ханшнаас хямд өртгөөр буюу өнгөлгөөний тоосгыг 500 төг, даацын блокыг 1500 төгрөгөөр чанартай үйлдвэрлэж иргэддээ хүргээд байгаа. Харин төмөр хайс хашаа, хаалгыг материалынхаа авсан үнээс шалтгаалаад харилцан адилгүй үнээр гаргадаг. Гэхдээ л орон нутагтаа хямд өртгөөр борлуулахыг хичээдэг. Ер нь захиалагч, хэрэглэгч байнгын байдаг болохоор борлуулалт тал дээр санаа зовдоггүй. Харин чанар, стандарт тал дээрээ их анхаарч мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авч ажилладаг байгаа. Миний хувьд эзэмшсэн мэргэжилгүй, гэхдээ гарын ур дүйтэй л хүн.
-Сум хөгжүүлэх сангийн зээл иргэдэд хэр үр ашгаа өгч байгаа вэ? Энэ сангийн хөрөнгө оруулалт зээл байх хэрэгтэй юу таны бодол?

-Ер нь сум хөгжүүлэх сан болон, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт бол маш үр дүнтэй хөрөнгө оруулалт юм. Яг хэрэгтэй юм хийе гэсэн хүндээ энэ сангийн зээл хүрч чадвал үр дүн гардаг. Олон хүн ч байнгын ажлын байртай орлоготой болж байна шүү дээ. Миний хувьд энэ сангаас зээл авсанаар өөрийн орлогоо нэмэгдүүлээд зогсохгүй сумынхаа гарын ур дүйтэй ч тогтсон ажилгүй залуучуудыг байнгын ажлын байраар хангаад байна. Мөн өөрийн жаахан үйлдвэрлэлээ бага багаар өргөжүүлээд байна. Энэ бол улсаас өгч буй том боломж юм шүү дээ. Ер нь гар хөдөлбөл ам тосдоно гэдэг тиймээс манай залуучууд зээл авсан бол үр дүнтэй зүйлд зарцуулах хэрэгтэй гэдгийг хэлмээр байна. Зарим иргэд зээл авчихаад ямар ч үр дүнгүй хоосон цацаад өнгөрч байгаа нь харамсалтай санагддаг. Тухайлбал манай сум өнгөрсөн онд сум хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлтөөр 60.4 сая төгрөгийг төвлөрүүлж 26 иргэнд зээл олгосон байсан. Энэ бол маш том үр дүн. Бас зээл авчихаад эргэн төлөлтөө ч хийдэггүй иргэд байдаг гэсэн. Үүнд бас их харамсдаг юм. Ер нь сум орон нутгаас юм хийе бүтээе гэсэн үйлдвэрлэгчдээ маш сайн дэмжиж байгаа энэ дашрамд талархал илэрхийлж байна.

Б.Мягмарсүрэн

相关新闻