Завханы мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчийн 28 төсөлд дэмжлэг үзүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан /МОНЦАМЭ/ Аймгийн Хөдөлмөр Халамжийн үйлчилгээний газрын дарга М.Гүрсэдтэй уулзаж хөдөлмөр халамжийн үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар ярилцлаа.
-Сайн байна уу. Танд өдрийн мэнд хүргэе. Хуучнаар Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсүүд нэгдэж нэг байгууллага болсон талаар зарим иргэд мэдээлэлгүй байна. Юун түрүүн байгууллагынхаа удирдлага зохион байгуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-Тиймээ яг манай байгууллагаас үйлчилгээ аваагүй хүмүүс бол мэдээлэлгүй байдаг байх. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 дугаар тогтоолоор хуучин Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсүүд нэгдэж Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний газар болон өөрчлөгдөж ХХҮЕГ-ын даргын 2016 оны Б/21 дугаар тушаалын дагуу манай байгууллага гурван хэлтэс 57 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Илүү болон дутуу орон тоо байхгүй. Манай газар нь аймгийн иргэдийг хөгжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэн, нийгмийн хамгааллыг бэхжүүлэх, нийгмийн тогтвортой хөгжлийг хангахад чиглэгдсэн хөдөлмөр, халамжийн үйлчилгээг чанартай, үр дүнтэй, шуурхай ил тод хүргэх замаар хөдөлмөр, нийгмийн хамгааллын талаар төрөөс баримталж буй бодлогыг орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлэн ажилладаг байгууллага юм. Өнгөрсөн жил Завхан аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын 2017-2020 онд хэрэгжүүлэх дунд хугацааны “Стратеги төлөвлөгөө”-г боловсруулан баталж мөрдөн ажиллалаа.
Мөн Газрын даргын тушаалаар “Удирдлагын зөвлөл”, “Ёс зүйн хороо” зэрэг зөвлөлүүд байгуулагдаж “Удирдлагын зөвлөл” 2017 онд гурван удаа, “Ёс зүйн хороо” таван удаа хуралдаж тодорхой шийдвэрүүдийг гаргаж ажилласан байгаа. Түүнчлэн байгууллагын ажилчдын шуурхай хурлыг долоо хоног болгоны нэгдэх өдөр хийж хэвшсэн байгаа.
-Өнгөрсөн онд Танай байгууллага гурван үндсэн зорилт дэвшүүлэн ажилласан тухай мэдээлсэн байгаа. Эдгээр зорилтууд биелэлээ олсонуу? Тухайлбал Завхан аймагт ажилгүй иргэдийн судалгааг бодитоор гаргаж чадсан уу?
-Тиймээ манайх өнгөрсөн жил орон нутаг дахь ажилгүй иргэдийн судалгааг бодитоор гаргах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх. Нийгмийн халамжийн үйлчилгээг зорилтот бүлэгт шударга хүргэх, халамж авагч биш хөдөлмөр эрхлэгч болгох бодлогыг хэрэгжүүлэх. Захиргаа, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, Хяналт шинжилгээ, үнэлгээний зөвлөмжийг хэрэгжүүлж , үр дүнг тооцож ажиллах гэсэн гурван зорилт тавьж ажилласан. Үр дүн сайн гарсан байгаа. Орон нутаг дахь ажилгүй иргэдийн судалгааг бодитоор гаргах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх талаар багагүй ажлууд хийгдсэн. Тухайлбал өнгөрсөн оны 12 дугаар сарын 25-ны байдлаар 2735 ажил хайгч иргэнийг шинээр бүртгэн ажил олгогчдоос 1186 ажлын байрны захиалга авч 1021 иргэнийг шинэ ажлын байранд зуучилсан байна. Ажилд зуучлагдсан иргэдийн 444 буюу 46,7 хувь нь 35-60 насны иргэд байна. Харин үлдсэн хувь нь их дээд сургууль төгссөн болон огт мэргэжилгүй иргэд байна. Орон нутгийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтэнд нийцүүлэн иргэд өөрөө өөртөө ажлын байр бий болгосон санал санаачлагыг бид дэмжин ажиллаж орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан иргэдэд жижиг төслийн уралдаан зарлах, хэрэгцээт мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтуудыг хийлээ. Үүний үр дүнд төсөл хөтөлбөрт хамрагдахаар ирүүлж байгаа төслүүд шинэ агуулгаар баяжигдаж амьдралд тус дэм болох төдийгүй цаашид ч цар хүрээ нь нэмэгдэх төлөвтэй байна.
-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд иргэдийн ямар төсөл хөтөлбөрүүдийг дэмжиж ажиллав?
-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/26 тоот тушаалын хавсралтаар батлагдсан "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг зохион байгуулах нэгдсэн удирдамж"-ийн дагуу хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгт орон нутгийн иргэдийг хамруулсан байгаа. Энэхүү хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй 629 төслийг хүлээн авч 109 төслийг сонгон шалгаруулж санхүүжилт олгосон байна.
ХЭДСангаас зургаан төсөл хөтөлбөрт нийт 859.825.900 төгрөгийг зарцуулж 1166 хүн төсөл хөтөлбөрт хамрагдсан байна.
-Монгол Улсын Засгийн газраас Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөрүүдийг мөн хэрэгжүүлж байгаа. Эдгээр хөтөлбөрт манай аймгаас нийт хичнээн иргэн хамрагдав хөтөлбөрийн үр шим гарч байна уу?
-Манай аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт иргэд сайн хамрагдсан үр дүн ч хангалттай харагдаж байна. Бид өнгөрсөн жил хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих зорилгоор аж ахуй эрхлэлтийн сургалтанд 84 иргэнийг хамруулсан. Мөн “Бизнес төлөвлөгөө боловсруулах” сургалтанд ХБИ-д хамрагдсанаар өрхийн орлого, зарлагаа тооцож бүтээгдэхүүн үйлдвэрлэх, түүнийгээ зах зээлд хэрхэн борлуулах, цаашид өрхийн орлогоо хэрхэн нэмэгдүүлэх талаар анхан шатны мэдлэг олголоо. Энэ сургалтуудад 2,5 сая төгрөгийг ХЭДСангаас санхүүжүүлсэн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс ирүүлсэн 211 төслийг хүлээн авсанаас шаардлага хангасан 17 төслийг шалгаруулж гэрээ байгуулан санхүүжилт олгож ажиллаж байна. Харин ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгт 69 төсөл ирсэнээс шаардлага хангасан дөрвөн төслийг шалгаруулж гэрээ байгуулан 10 сая төгрөгийн санхүүжилтийг ХЭДСангаас олгосон байна. Өнөөдрийн байдлаар Завхан аймагт ахмад мэргэжилтний мэдээллийн санд бүртгэлтэй 27 ахмад мэргэжилтэн байна. Үүнээс гадна нэмж ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээнд хамрагдахаар ирүүлсэн боловсролын чиглэлээр долоо, эрүүл мэндийн чиглэлээр дөрөв, хөдөө аж ахуйн чиглэлээр хоёр, төрийн захиргааны чиглэлээр гурван төслийг тус тус шалгаруулж нийт 16 ахмад мэргэжилтэнтэй гэрээ байгуулан ХЭДСангаас 13,4 сая төгрөгийг олгоод байна. Үүний үр дүнд ахмад мэргэжилтнүүд тус хөтөлбөрт хамрагдсанаар өөрөө өөртөө 25 ажлын байр бий болгон орлогоо нэмэгдүүлж, нөгөө талаас үйлчилгээнд хамрагдсан 79 иргэнд өөрсдийн ажлын туршлага, мэдлэгийг өвлүүлэх, хөдөлмөрийн дадал олгох үйлчилгээг хүргэсэн сайн туршлага байна.
-Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр ямар ажлууд хийгдсэн юм бол?
-Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих гарааны бизнес дэмжих чиглэлээр бодитой ажлууд хийгдсэн байгаа. Тухайлбал мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгч болон төгсөгчдийн бүлэгт зориулан эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгийг өгсөн. Тодруулбал 84 төгсөгч залуучуудыг аж ахуй эрхлэх сургалтанд хамруулан 2,5 сая төгрөгийг зарцуулж, тэдний боловсруулсан нийт 42 бүлгийн төслийг хүлээн авч эзэмшсэн мэргэжлээрээ өөрөө өөртөө ажлын байр бий болгох 28 төслийг сонгон шалгаруулж дэмжлэг үзүүлсэн. Шалгарсан төслийн хэрэгжүүлэгч иргэдтэй гэрээ байгуулан 56 сая төгрөгийн санхүүжилтыг ХЭДСангаас зарцуулсан байна. Төслийн үр дүнд мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгч 28 иргэн шинэ ажлын байраар хангагдсан байна. Энэ жил мэдээж илүү олон залуучуудын төслийг шалгаруулан дэмжинэ. Хамгийн гол нь залуучууд маань илүү их чадавхжиж мэдээлэлтэй болох шаардлагатай байна.
-Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төв манай аймагт нээгдсэн байгаа. Энэ төв ямар зорилготой юм бол?
-Швейцарийн хөгжлийн агентлагаас санхүүжүүлж буй “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн дэмжлэгээр өнгөрсөн оны 11 дүгээр сард “Залуучуудын үйлчилгээний загвар төв” байгуулагдсан байгаа. Энэ төвөөр дамжуулан залуучуудын жижиг, дунд бизнес эрхлэх бизнес инкубацийн үйлчилгээгээр дамжуулан тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, шинэ ажлын байрыг нэмэгдүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтуудыг зохион байгуулна. Мөн хөдөлмөрийн зах зээлийн мэдээ, мэдээллээр хангах танхимын зориулалт бүхий 25 сая төгрөгийн тоног төхөөрөмж бүхий төв дээр залуучууд өөрсдийгөө хөгжүүлэх бүрэн боломжийг олгоод буй юм. Төвийн үйл ажиллагааг Швейцарийн хөгжлийн агентлагын залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, ажил олгогч эздийн холбоо, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Хүүхэд, гэр бүл залуучуудын газар, Политехникийн сургуулиас хамтран чиглүүлж, орон нутагт ажиллаж сурч амьдарч байгаа залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор олон талын үйл ажиллагааг явуулах юм. Тухайлбал энэ сарын 25-аас эхлэн 10 хоногийн залуучуудад төсөл хэрхэн бичих вэ? гэсэн сургалт явагдах гэж байна. Сургалтын дүнд суралцагчдаас төсөл шалгаруулж санхүүжүүлэх гэж байна гэх мэтчлэн шат дараатай олон ажил хийнэ.
-Танай газар дээр өөр ямар төсөл хэрэгжиж байгаа вэ?
-Европын холбооны санхүүжилтээр Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулах чиглэлээр төсөл хэрэгжсэн байгаа. Европын холбооны төсөл нь Монгол Улсын хэмжээнд ажлын байрыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр 21 аймгаас шалгаруулалт хийж Сэлэнгэ, Дорнод, Завхан аймагт хэрэгжүүлэхээр болсон. Энэ төслийн зорилго нь хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр ажлын байрыг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн салбарын ажилтан албан хаагчдыг чадавхижуулах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвөлгөө мэдээлэл өгөх зорилготой юм. Төслийн хүрээнд эхний ээлжинд газрынхаа албан хаагчдыг чадавхижуулахаар аймгийн хөдөлмөр эрхлэлтийн зөвлөлийн гишүүд, ХХҮГазрын дарга, хөдөлмөр эрхлэлтийн хэлстийн дарга, мэргэжилтнүүд нийт гурван удаагийн сургалтанд хамрагдлаа. Сургалтанд хамрагдсанаар ажилтан албан хаагчдын чиг баримжаа олгох, зөвлөгөө мэдээлэл өгөх, мэдлэг боловсрол дээшилсэн. Эргээд иргэдэд мэдээлэл өгөх, иргэдийг чадавхжуулахад мэдлэг дадалтай болсон байгаа. Мөн төслийн хүрээнд Завхан аймагт “Орон нутагт хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр түншлэл хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” сургалт өдөрлөгийг зохион байгуулсан. Энэ үеэр орон нутагт хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр уулзалт зохион байгуулсан. Энэ уулзалтанд Завхан аймгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын мэргэжилтнүүд, Монголын ажил олгогч эздийн холбооны гүйцэтгэх захирлын орлогч Ч.Нанжидсамбуу, Швейцарын хөгжлийн агентлагын санхүүжилттэй залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн Олон улсын зөвлөх ИВАН Такачи, Үндэсний зөвлөх Д.Нармандах, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны мэргэжилтэн М.Нямдэмбэрэл нар болон бусад албаны хүмүүс, 40 гаруй ажил олгогч ААН байгууллагын эзэд оролцсон. Энэ уулзалтын үеэр аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Политехникийн коллеж, Ажил олгогч нарын эздийн төлөөлөл цаашид хамтран ажиллах чиглэлээр “Гурван талт санамж бичиг”-т гарын үсэг зурсан байгаа. Энэ онд энэхүү санамж бичгийн дагуу ажилгүй иргэдийг ажилтай болгох, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, сургах талаар хамтран ажиллах гэж байна.
-Аймгийн Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний газрын дэргэдэх ахмадын сувилал хэвийн ажиллаж байгаа юу? Улирлын чанартай ажиллаж байгаа юу?
-Ахмад настны асаргаа сувилгааны хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс ХХҮГазрын харьяа ахмадын амралт сувиллыг манайх ажиллуулдаг. Энэ сувиллын Улаан хаалга дахь байрыг засварлахаар улсын төсвийн 145 сая төгрөгийн санхүүжилтээр засвар өргөтгөлийн ажлыг өнгөрсөн намар хийж гүйцэтгэсэн. Ингэснээр амрагчдын ая тухтай орчинг бий болгосон үр дүнтэй ажил болсон. Өнөөдрийн байдлаар зун, намартаа үйлчлүүлэгч хүлээн авч байгаа. Ахмадууд энэ сувилалд үнэ төлбөргүй амарч сувилуулдаг байгаа. Өнгөрсөн жил манай сувилалд 178 ахмад настан үйлчлүүлсэн байна. Ирэх жил илүү олон ахмадуудыг хамруулах төлөвлөгөөтэй байна. Өргөтгөлийн засвар хийгдсэнээр нэг ээлжиндээ 70-80 хүн хүлээж авч үйлчлэх боломжтой болсон байгаа.
Танд баярлалаа.
Б.Мягмарсүрэн