Өнгөрсөн жил хүнсний бараа материалын хадгалалтын горим зөрчсөн зөрчлүүд их гарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газар өнгөрсөн онд зөвлөн туслах үйлчилгээ 164, урьдчилан сэргийлэх хяналт, тандалт судалгааны ажлыг 42 удаа хийжээ.
Урьдчилан сэргийлэх, тандалт судалгааны ажлын үеэр 220 албан шаардлагыг ААН, байгууллага, иргэдэд өгсөн байна. Харин зөвлөмж 154-ийг өгч 177 дүгнэлт, 28 актыг үйлджээ. Урьдчилан сэргийлэх хяналтын үеэр хууль зөрчсөн болон дахин давтан зөрчсөн асуудлууд их гарсан бөгөөд урьд жилүүдээс хүнсний аюулгүй байдал, хугацаа дууссан бараа материал борлуулах, хадгалалтын горим зөрчсөн, зөвшөөрөгдөх хэмжээг хэтрүүлэн хэрэглэж байгалийн түүхий эд авч ашигласан зэрэг зөрчлүүд нь 12.3 хувиар өссөн байна. Өнгөрсөн онд хууль тогтоомж зөрчсөн иргэн, аж ахуйн нэгжид 30,7 сая төгрөгийн нөхөн төлбөр 32,3 сая төгрөгийн торгууль, шийтгэврийн арга хэмжээ авч барагдуулан шилэн дансны хяналтын цахим системд бүрэн оруулж мэдээлжээ. Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлийн 60-70 хувийг арилгуулж энэ хэмжээгээр иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлжээ. Харин энэ 2018 онд тус газар иргэдийнхээ оролцоонд тулгуурласан хяналт шалгалт явуулахыг гол зорилгоо болгон ажиллах бөгөөд хяналтын ажилд иргэдийн үнэн зөв мэдээлэл гол эх сурвалж болдог. Тиймээс энэ онд иргэд, албан байгууллагуудтай хамтран ажиллаж эрсдлээс хамгаалах, хуулийн хүрээнд ажиллах гол хамтрагч болж ажиллах болно. Түүнчлэн иргэдийг мэдээлэлжүүлэх, хууль сурталчлах олон талын ажлыг үргэлжлүүлэн хийнэ хэмээн аймгийн МХГ-аас мэдээлэв.
Б.Мягмарсүрэн