Өнгөрсөн жил Завхан аймаг эмнэлгийн зориулалтаар тоноглосон 11 түргэн тусламжийн автомашинтай болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймаг өнгөрсөн жил эрүүл мэндийн тусламж үйлчилгээг жигд, хүртээмжтэй, чанартай, тасралтгүй хүргэх зорилт тавьж хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлуудыг амжилттай хийсэн жил байв.
Тодруулбал аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн их засварыг 140,0 сая төгрөгийн өртөгтэйгээр засварлан ашиглалтад оруулжээ. Харин Эрүүл мэндийн байгууллагуудад 323,3 сая төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн зориулалтаар тоноглогдсон 11 түргэн тусламжийн автомашин, аймгийн Засаг даргын нөөц сангаас Отгон, Цагаанхайрхан, Сантмаргаз, Сонгино, Түдэвтэй, Тэс зэрэг 12 сумын багийн эмч нарт 25,5 сая төгрөгийн өртөгтэй 15 мотоцикль олгожээ. Ингэснээр багуудад хүрэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ сайжирсан байна. Мөн аймгийн Нэгдсэн эмнэлэг нь 45,0 сая төгрөгний өртөг бүхий унтуулгын аппарат, ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар 26,2 сая төгрөгийн өртөгтэй амьсгалын аппараттай болжээ. Түүнчлэн Тайвань улсын Тайпэй эмнэлэгтэй хамтын ажиллагааны гэрээтэй ажиллаж, тус эмнэлгийн зүгээс 83,8 сая төгрөгийн өртөг бүхий гемодиализийн аппарат хоёр ширхэгийг аймгийн Нэгдсэн эмнэлэгт олгож, гемодиализийн тасгийг нээн ажиллуулж, эмч, сувилагч, техникч нарыг холбогдох сургалтанд хамруулсан байна.
Өнөөдрийн байдлаар Гемодиализийн тасаг нээгдсэнээр бөөрний эмгэгтэй иргэд Улаанбаатар хотруу явах шаардлагагүй болж, орон нутагтаа эмчлүүлэх боломж бүрдээд байна. Өнгөрсөн онд тус тасгаар 56 иргэн байнгын эмчлүүлж 120 гаруй иргэн үйлчлүүлжээ.
Б.Мягмарсүрэн