Жавхлант хийморь хоршооны автобусаар 32000 иргэн үйлчлүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Өнгөрсөн онд Завханы 32000 орчим хүн "Жавхлант хийморь" хот хоорондын зорчигч тээврийн хоршооны автобусаар зорчжээ. Улиастайгаас Улаанбаатар, Улаанбаатараас Улиастай чиглэлд орон нутгийн зорчигч тээврийн хоршооны 15 том оврын автобус иргэдэд үйлчилжээ.
Өнгөрсөн онд тус хоршооны автобусаар 29000 орчим насанд хүрэгчид, 3000 орчим хүүхэд нийт 32000 иргэн үйлчлүүлсэн байна. Тус хоршоо өнгөрсөн онд "Аюулгүй тээвэр-Амьдралын баталгаа" уриатайгаар өдөр бүр үйлчилгээ үзүүлсэн байна. Харин энэ жил мөн л аюулгүй баталгаатай тохь тухтай автобусаар иргэддээ шуурхай, стандартын дагуу үйлчлэх зорилтыг тавьжээ. Түүнчлэн энэ жил шинээр гурван автобусыг нэмж хот хоорондын шугаманд гаргах төлөвлөгөөтэй байгаа аж. Ингэснээр автобусны шугамын нэг эргэлтийн амрах хугацаа уртасч жолооч нар хангалттай цагт амрах, автобуснуудад засвар үйлчилгээг хийх боломж илүү гарна гэв. Өнөөдрийн байдлаар нэг автобус, хоёр жолооч сард хоёр удаа хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг үзүүлдэг байна. Мөн Улаанбаатар хотын Хараацайн жигүүр компани Завханд хот хоорондын үйлчилгээг үзүүлдэг ажээ.
Б.Мягмарсүрэн