Спортын шилдгүүдээ шалгаруулж урамшууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймаг спортын салбарын шилдгүүддээ хүндэтгэл үзүүллээ.
Тус аймгийн биеийн тамир спортын салбарын 2017 оны шилдгүүд, аймгийн Засаг даргын дэргэдэх "Өсвөр үеийн шигшээ багийн тамирчид"-д аймгийн Засаг даргын нэрэмжит шагналыг гардуулсан байна. Энэ үеэр 6 номинацаар шилдэг болон шилдгийн шилдэг тамирчдыг шалгаруулжээ. Шилдгийн шилдэг дасгалжуулагчаар Б.Хадбаатар шалгарсан бөгөөд Монголын хамгийн хурдан гүйгч шалгаруулах тэмцээнд багийн дүнгээр мөнгөн медаль, ахмадын УАШТ-ээс багийн дүнгээр алтан медаль, насанд хүрэгчдийн УАШТ-ээс багийн дүнгээр тусгай байр хүртсэн амжилт үзүүлжээ. Мөн улс бүсийн тэмцээнээс багийн дүнгээр 3 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль, Монгол Улсын Үлэмж дархан мэргэн 1, спортын мастер 3, Гарамгай мэргэн 2, хошой мэргэн 2, өсөх идэр мэргэн 2 төрүүүлсэн амжилтаар "Шагайн холбоо" шилдгийн шилдэг холбоогоор байна.
Шилдгийн шилдэг тамирчнаар аэробик төрлөөр Ази тивийн аварга, Дэлхийн шилдэг тамирчин, аэробик гимнастикийн ОУХМ Э.Ананд шалгарсан бол өсвөр насны шилдгийн шилдэг тамирчнаар С.Мөнх-Оргил шалгарлаа. Тэрээр 100 буудалт даамны төрлөөр 2016, 2017 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, УАШТ-ээс 4 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн ОУХМ өсвөрийн тамирчин юм.
Спортын салбарын шилдгийн шилдэг ивээн тэтгэгчээр "Хүннүгийн говь" ХХК шалгарсан бөгөөд 10 гаруй сая төгрөгөөр баг тамирчдыг ивээн тэтгэсэн байна.
Энэ онд биеийн тамир спортын салбарын үйл ажиллагааг аймгийн ЗДТГ-аас бодлогоор дэмжиж тамирчдаа улс бүсийн тэмцээн уралдаанд оролцоход дэмжиж хамтран ажилласан бөгөөд ирэх онд ч баг тамирчдаа дэмжсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Д.Мишигсүрэн