Малчдын нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэмж тооцно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-11-18 17:01:05

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Батцогт нарын 17 гишүүний өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцүүлгийн эхэнд хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Д.Батцогт танилцуулав. Тэрбээр илтгэлдээ, “Сүүлийн 5 жилийн судалгааны дүнгээс үзэхэд, малчдын  4.3-11.1 хувь нь тэтгэврийн даатгалд хамрагдсан мэдээтэй байна. Энэ тоо баримт нь малчид нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах бололцоогүй болохыг харуулж байна. Иймд жилийн дөрвөн улиралд байгаль цаг уураас шууд хараат нөхцөлд мал сүргээ дагаж, өдөр шөнийн ээлжгүй, ажил амралтын горимгүй, халуунд халж, хүйтэнд хөрч ажиллаж байгаа малчдын шимтгэл төлсөн хугацааг нэмэгдүүлэн тооцох нь тэдний ирээдүйд авах тэтгэврийн хэмжээнд эерэг нөлөө үзүүлнэ хэмээн үзсэн” гэлээ.

Өөрөөр хэлбэл, малчнаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн 1 жилийг 1 жил 2 сараар шимтгэл төлж ажилласан хугацаанд тооцохоор уг хуулийн төсөлд тусгажээ.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ ийм зохицуулалт олон улсын туршлагад байдаг гэдгийг дурдаад дэмжиж буйгаа илэрхийлсэн. Харин УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, “Малчид сайн дурын даатгалаар нийгмийн даатгал төлдөг болсоор яг 20 жил болж байна. Өнгөрсөн хугацаанд нийт малчдын 11 хувь нь сайн дурын даатгалд хамрагдаж байгаагаас үзэхэд энэ асуудлыг шийдвэрлэх зайлшгүй шаардлага байгааг харуулж байна” гэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж гишүүд асуулт асууж, санал хэлсний дараа хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад гишүүд 100 хувийн саналаар дэмжив.

Мөн хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийхэд 100 хувийн саналаар чуулганы хуралдаанд хэлэлцүүлэхээр тогтлоо.

Б.Туул

相关新闻