Гэмт хэргийн гаралтын талаар Цагдаагийн газраас мэдээлэл хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-12-18 15:47:27
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга Д.Энх-Ертөнц гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээлэл хийлээ. Тэрээр хэлэхдээ “Энэ оны долоодугаар сарын нэгнээс Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Үүнээс өмнө Цагдаагийн байгууллагад ирсэн нийт өргөдлийг гэмт хэрэг, зөрчил гэж ангилдаг байсан. Энэ нь хохирлын хэмжээнээс хамаардаг байсан юм. Тодруулбал, хохирол 240 мянган төгрөгт хүрээгүй бол гэмт хэрэг гэж үздэггүй байсан юм. Харин шинэ хууль хэрэгжиж эхэлснээр Цагдаагийн байгууллагад ирсэн өргөдөл бүрийг гэмт хэрэг гэж үздэг болсон. Нэг төгрөг хулгайлж, дээрэмдсэн л бол гэмт хэрэг гэж үзэж байгаа. Түүнээс гэмт хэрэг өсөөд, хэргийн илрүүлэлт буурсан зүйл байхгүй” хэмээн ярилаа.
Өнгөрсөн долоо хоногт Цагдаагийн газар 185 гомдол мэдээлэл хүлээн авсанаас 25 нь гэмт хэргийн шинжтэй байжээ. Мөн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 39 зөрчил илэрсэн нь өмнөх долоо хоногоос 9.3 хувиар буурсан үзүүлэлт гарсан байна. Шинэ жилийн баяр болж буйтай холбоотойгоор аймгийн Цагдаагийн газраас нийт бие бүрэлдэхүүнээ таван хэсэгт хуваан эргүүл, шалгалтын ажлыг зохион байгуулж байгаа гэж тэрээр мэдээллээ.
Б.Оюун-Эрдэнэ
 
相关新闻