Технологийн дээд сургуулиуд хамтран ажиллахаар боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-12-17 12:44:27
oyuka_hu@yahoo.com
Орхон /МОНЦАМЭ/ Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн дээд сургууль, “Шинэ Монгол” технологийн дээд сургууль хамтран ажиллах “Санамж бичиг” байгууллаа. Хоёр сургууль багш, оюутан солилцох, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэгт хамтрах ажээ.
Эрдэнэтийн ТИС нь ОХУ-ын 10 орчим их, дээд сургуультай хамтын ажиллагаатай байдаг бол  “Шинэ Монгол” технологийн дээд сургууль нь Японы уул уурхай, технологийн 20 гаруй сургуультай хамтран ажилладаг байна. Иймд дээрх хоёр сургууль Ази, Европийн техник, технологийн тэргүүлэгч улсын их дээд сургуулиудтай хамтран ажилласнаар дэлхийн уул, уурхай, технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн алхах боломж бүрдэж байгаа юм.
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 2017-2031 оны Хөгжлийн хөтөлбөрт хүний нөөцийн бодлого чухал байр суурийг эзэлж байгаа. Үүний хүрээнд “Эрдэнэт үйлдвэр”-т боловсон хүчин бэлтгэн нийлүүлдэг Эрдэнэтийн технологийн дээд сургуулийн сургалтын үйл ажиллагааг сайжруулж, төгсөгчдийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэдлэг, боловсрол чадвартай болгохын тулд ТИС-ийн гадаад хамтын ажиллагаанд анхааран ажиллаж байгаа ажээ. Тус  сургууль нь ОХУ, АНУ, Герман, БН Солонгос, Хятад, Казахстан улсын 15 орчим уул уурхай, технологийн их сургуультай “Санамж бичиг” байгуулан, харилцан хамтын ажиллагаатай ажиллаж байна.
 
Б.Оюун-Эрдэнэ
 
 
相关新闻