Нуурын зэгсэнд өвөлждөг айлуудын малыг нүдээр үзэж, тоолох боломжгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-12-15 18:12:03
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн хэмжээнд энэ оны мал тооллогыг зохион байгуулж, хяналт тавих ажлын хэсэг нийт 17 суманд таван чиглэлд энэ 12 сарын 10-наас  ажиллаж байна. Хөдөөгийн сумдад мал тооллогын ажлын явц ямар шатанд явагдаж, мал нүд үзэж тоолох асуудал хэр бодитой хийгдэж байгаа талаар хяналтын тооллогын зарим гишүүдээс тодрууллаа.
Тухайлбал хамгийн алслагдсан сум Алтай, Булган, Үенч суманд хяналтын тооллогын гишүүнээр ажиллаад ирсэн аймгийн Статистикийн хэлтсийн хөдөө аж ахуйн мэргэжилтэн Н.Батбүүрэг “Мал тооллогын ажилд  аймгийн хэмжээнд нийтдээ 400 гаруй хүн ажиллаж байна. Баруун гурван сум энэ өвөл дулаан, мал тооллогод гойд зөрчил илрээгүй, тооллого жигд явагдаж байна. Харин өнөөдрөөс хөдөөгийн багуудад ажилласан сумын тоологч нар сумын төвд ирж байна. Булган суманд цасгүй учир малчид цас бараадаж энд тэндгүй тархаж отроор явж байгаа учраас тоологч нарт шатахууны асуудалд жаахан хүндрэл үүсч байна. Малчид цас чийг хүсч байна. Тэнд Чандмань сумын 4-5 суурь айл өвөлжиж, малчид хоорондоо тохиролцоод өвөлжөө бууцаа эзэмшиж байна” гэв.
Харин аймгийн төвтэй хамгийн ойр оршдог Буянт, Мянгад, Дөргөн сумдад  аймгийн Статистикийн хэлтсийн дарга Г.Даваасамбуу ажиллаад ирсэн байна. Тэрээр “Ууландаа өвсгүй байгаа учраас малчид Хар ус нуурын зэгс шагшуурга бараадаж, нуур тойрсон долоон сум төдийгүй Увсын Завхан сумын малчид өвөлжиж байна. Дөргөн сумын айлууд ердийн хөсгөөр нуурын мөсөн дунд хулс, зэгс рүүгээ орж өвөлжиж байна. Харин цаг агаар хүйтрээгүй байгаа учир харз мөс ихтэй гүн хөлдөөгүй учир анхаарал, сэрэмжтэй байхыг малчдад анхаарууллаа. Ер нь энэ жилийн мал тооллогын явцад анхаарал татсан хоёр асуудал байна. Сумдын мал тоологч нар алслагдсан багууд руу шатахуун зардал хүрэлцэхгүй байгаа учраас мотоциклиор явж байна. Мал тооллогын зардал сумын Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гардаг учир маш бага зардал тусгагддаг. Зардал мөнгөний энэ хүндрэлтэй байдал нь малыг нүд үзэж тоолохгүй, ам баримжаагаар тоолоход хүргэж байна” гэлээ.
Ер нь энэ жил хөрөнгө мөнгөтэй холбоотой тоологч нарын 30-40 хувь нь малчдын амаар тоолж, нэг бүрчлэн нүд үзэж тоолох асуудал орхигдож байгаа гэнэ. Тухайлбал Ховд аймаг гэхэд мал тооллогын зардалд Засаг даргын нөөц хөрөнгөөс 3 сая төгрөг гаргаж ажлын хэсэг 4-5 чиглэлд хуваагдаж сумдад ажиллахад зөвхөн шатахуунд зарцуулагдаад дуусч байна. Мал тооллогыг үнэн зөв тоолж, малчдын суурьт, гэрт нь хүрч нүд үзэж тоолоход зарцуулагдах хөрөнгө үнэхээр хүрэлцдэггүй аж.
Зөвхөн нэг жишээ татахад Ховд гол, Хар ус нуурын зэгсэнд өвөлждөг айлууд зэгсэнд малаа оруулчихаад гаргаж ирж тоолуулахгүй, гэрийн гадна малаа хотлуулахгүй байгаа нь тоологч нарт бэрхшээл учруулж, энэ нь нүдэн баримжаа, амаар тоолоход хүргэдэг байна.
Мал тооллогын ажлыг үндэсний хэмжээнд нэгдсэн зохион байгуулалттай, хүн хүч, техник, цаг хугацаа, хөрөнгө зардлыг нарийн тооцож, тооллогын журмаа шинэчилж, эртнээс зохион байгуулалттай кампанит ажил болгож өрнүүлэхгүй бол жил бүр тооллогын ажил чанаргүй, гоомой явагдаж тооллогын дүн буруу зөрүү гарах магадлал өндөр байгааг хяналтын тооллогод ажилласан хүмүүс хэлж байна. 
                                                                                                                                   А.Бямбасүрэн

 
相关新闻