"Комацү"-гийн ерөнхийлөгч асан салах ёс гүйцэтгэх үдэшлэг зохион байгуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2017-12-13 12:59:57
Би-Би-Си. /ТОКИО/. Хүнд машин механизм үйлдвэрлэгч  “Комацү” корпорацийн ерөнхийлөгч асан Саторү Анзаки хорт хавдартай гэдгээ мэдээд, “салах ёс гүйцэтгэх” үдэшлэг зохион байгуулж, уг арга хэмжээнд 1000 гаруй хүнийг урьсан байна.

Даваа гарагт Токиогийн нэгэн зочид буудалд болсон уг үдэшлэгт Анзакийн гэр бүлийнхэн, найз нөхөд, дунд сургууль болон их сургуульд хамт сурч байсан хүмүүс, бизнесийн хамтрагчид болон “Комацү” компанийн ажилтнууд уригджээ.

Цөсний хүүдийн хорт хавдар нь сүүлчийн шатандаа орсон тул хагалгаа хийгээд нэмэргүй  гэдгийг өдгөө 80 настай Анзаки аравдугаар сарын эхээр мэдсэн аж.

“Амьдралд минь уулзаж учирч байсан бүх хүмүүстэй салах ёс гүйцэтгэж чадсандаа сэтгэл хангалуун байна. Би үлдсэн амьдралаа сайхан өнгөрүүлэхийн тулд эмчилгээ хийлгүүлэхгүйгээр шийдсэн” хэмээн Анзаки ярьсан байна.

Үдэшлэг болох тухай мэдээлэл нийгмийн сүлжээгээр маш хурдан тархаж олон хүмүүс түүний эр зоригийг бахдан биширч  байсан бол зарим хүмүүс "үдэшлэгт уригдсан хүмүүст ямар санагдах бол" гэсэн маягаар доог тохуу хийж эхэлсэн аж.

Үдэшлэгт уригдсан хүмүүсийг хөгжөөхийн байлгахын тулд Анзаки олон гэнэтийн зүйлс бэлджээ. Тухайлбал, бүжгийн чуулга ирж түүний төрөлх нутаг болох Токүшима мужийнхны уламжлалт бүжгийг бүжиглэж үзүүлсэн байна.

“Үдэшлэг маш хөгжилтэй болсон. Би өөрөө хүнд өвчнөөр шаналж байгаа. Энэ үдэшлэгийн дараа би амьдралынхаа үлдсэн хугацааг хэрхэн өнгөрүүлэх вэ гэдгээ бодоход хүрсэн” хэмээн “Комацү” компанийн нэгэн ажилтан ярьжээ. 
 Э. Аянзаяа
相关新闻