Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн эрх зүйн орчныг сайжруулах төсөл хаалтаа хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-12-13 12:42:06
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөрөөс хэрэгжүүлсэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн эрх зүйн орчин, тогтолцоог шинэчлэхэд дэмжлэг үзүүлэх төсөл хаалтаа хийлээ.

2015 оны нэгдүгээр сараас энэ оны 12 дугаар сар хүртэл хэрэгжсэн уг төслийг ХБНГУ-ын Эдийн засаг, эрчим хүчний яам санхүүжүүлсэн байна.

Дээрх төслийн хүрээнд уул уурхайн эрсдэл ихтэй ажлын байруудын зааварчилгааг боловсруулснаас гадна 2015 онд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм журам, стандартуудыг шинэчилжээ.

Мөн  тоосны дөрвөн стандарт боловсруулан, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбарын удирдах болон мэргэжилтнүүдийн чадавхийг бэхжүүлэх чиглэлээр гадаадад 6 удаагийн сургалтад нийт 55 төлөөллийг, дотоодод 30 гаруй удаагийн сургалт хэлэлцүүлэгт 21 аймгийн 600 гаруй төлөөллийг хамруулсан байна.

АШУҮИС-ийн Орчин, хөдөлмөрийн эрүүл ахуйн лабораторид хэмжилтийн багажийн дэмжлэг үзүүлэн мөн тус лабораторийг итгэмжлэх авах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлснээр компаниуд дотоодод нарийн хэмжилтийг хийлгэх боломжтой болсон байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл байдлын үнэлгээ, энэхүү салбарын хүний нөөцийн гэх мэт 10 гаруй судалгаа хийж цаашид энэ салбар судалгаан дээр суурилсан бодлогыг боловсруулахад дэмжлэг үзүүлжээ.

Мөн үеэр Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн ЭТИС хөтөлбөрийн захирал Др.Ш.Ханселманн, дэд захирал О.Батболд нарыг тус төслийг амжилттай хэрэгжүүлсэнд хамтран ажилласан байгууллагууд талархал илэрхийлж, МҮЭХ-ны 100 жилийн ойг тохиолдуулан "Хөдөлмөрийн хүний төлөө" шагналаар шагнаж ажлын амжилт хүссэн юм.

Төслийн хаалтын арга хэмжээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хорооны дарга С.Мөнгөнчимэг, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн суурин төлөөлөгч Д.Пассон болон GIZ-ийн ЭТИС хөтөлбөрийн захирал Ш.Ханселманн тэргүүтэй төслийн баг, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хорооны гишүүд оролцов.

Б.Заяа
相关新闻