“Эрдэнэт хотын өдөр” энэ сарын 11-нд тохионо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-12-08 18:01:53
oyuka_hu@yahoo.com
Орхон /МОНЦАМЭ/ Энэ сарын 11-нд эрдэнэтчүүд анх удаа “Эрдэнэтийн хотын өдөр”-өө тэмдэглэнэ. 1975 оны 12-р сарын 11-нд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар Булган аймгийн Эрдэнэт хороог Эрдэнэт хот болгох шийдвэр гаргажээ. Энэ өдрийг “Эрдэнэт хотын өдөр” болгон тэмдэглэж байхаар аймгийн ИТХ-ын ээлжит VIII хуралдаанаас шийдвэрлэсэн юм.
Энэ жил анх удаа тэмдэглэх "Эрдэнэт хотын өдөр"-өөр соёл, урлаг, спортын олон арга хэмжээ зохион байгуулахаар 12 дугаар сарын 9-өөс эхлүүлээд байна.
Тухайлбал, амралтын өдрүүдэд “Хөх Монгол” цогцолбор, “Музей” , 12 дугаар сарын 11-нд “Сархиа” цанын бааз иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ. Мөн “Баян”, “Төгөл”, Үйлчилгээний төв, “Номин хоум стайл”-Эрдэнэт салбар, “Эрдэнэт хивс” зэрэг томоохон худалдааны төвүүд бүх бараандаа 10-50 хувийн онцгой хямрал зарлаж баяраа тэмдэглэнэ. Түүнээс гадна “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас хотын өдөрт зориулж гэрэлт гудамж байгуулж Эрдэнэтчүүддээ бэлэг барих аж.
“Эрдэнэт хотын өдөр”–өөр найрсаг, хамтын харилцаатай улс орноос  зочид, төлөөлөгчид хүрэлцэн ирэх гэнэ. Баярын үйл ажиллагаа энэ сарын 11-нд тус хотын төв талбай болох А.Амарын талбайд болно.
Дашрамд дурдахад, Орхон аймаг Эрдэнэт хот нь Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс гаргадаг "Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан"-г сүүлийн таван жилийн турш тэргүүлж буй. 2016 онд Монгол Улсын нэг иргэнд ноогдох ДНБ 7.9 сая төгрөг байсан бол тус аймагт энэ үзүүлэлт 11.8 сая төгрөг байжээ. Орхон аймагт “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэт хивс”, “Бэрэн металл” тэргүүтэй томоохон үйлдвэр аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж өдөрт 3 тэрбум 850 сая төгрөгийн баялаг бүтээж байна.
Б.Оюун-Эрдэнэ 
相关新闻