Малыг халдварт өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ажлыг 103,4 хувиар биелүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-12-06 18:29:34
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт малыг халдварт өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд нийт 587,3 мянган толгой мал хамруулж төлөвлөгөөт арга хэмжээгээ 103,4 хувиар биелүүлсэн байна.
Орон нутагт голлон гардаг зургаан төрлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд нийт 585,4 мянган толгой мал хамруулахаас 587,3 мянган толгой мал хамруулаад байна.
Мөн 2015 онд хонины цэцэг өвчин гарч, тухайн үед хурдан шуурхай ажилласны хүчинд тухайн өвчний дэгдэлтийг зогсоож чадсан билээ. Харин энэ жилийн хувьд малын гоц халдварт өвчлөлгүй тайван байна гэж аймгийн ХХААГазраас мэдээллээ. 
Шөвөг яр өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 400.0 мянган тун вакцин нийлүүлж, 393,5 төл хамруулан тарилгын ажил 99,9 хувийн гүйцэтгэлтэй дуусчээ. Мөн паразит өвчнөөс урьдчилан сэргийлэх боловсруулалтын арга хэмжээнд 924 мянган толгой мал хамруулахаас нэг сая 79 мянган мал хамруулж 116,7 хувьтай, туулгалтын арга хэмжээнд 49,9 мянган мал хамруулахаас 63,4 мянган мал хамруулан 126,9 хувьтай, угаалгын арга хэмжээнд 595,4 мянган мал хамруулахаас 595,7 мянган мал хамруулан 101,1 хувьтай халдваргүйтгэлийн арга хэмжээг хэрэгжүүлсэн дүн мэдээтэй байна.  
Тус аймгийн хэмжээнд нийт 33 мал эмнэлгийн нэгж сумдад ажиллаж байгаа бөгөөд 15 суманд мал эмнэлэг үржлийн тасагт эрүүл мэнд хүнсний аюулгүй байдал хариуцсан малын эмч мэргэжилтнүүд ажиллаж байна. Мал эмнэлгийн хувьд залуу эмч мэргэжилтнүүд дутмаг байгааг онцолсон юм. 
Д.Мишигсүрэн
 
相关新闻