Улаанбаатарт шинээр цэвэрлэх байгууламж барих төслийг концессоор хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-11-17 12:19:29

Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад концессын барих-ашиглах-шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотод шинээр цэвэрлэх байгууламж барих-250000 м.куб/хоног хүчин чадалтай төсөл”-ийг нэмж оруулахаар шийдвэрлэж, концесс олгох уралдаант шалгаруулалтыг зохих журмын дагуу зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар нарт өчигдрийн Засгийн газрын хуралдаанаас даалгалаа.

1964 онд байгуулагдсан Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжид технологийн шинэчлэл, барилга байгууламжийн их засвар хийх, 250 000 метр куб/хоног хүчин чадал бүхий шинэ цэвэрлэх байгууламж барих зайлшгүй шаардлагатай байгаа юм.

Төв цэвэрлэх байгууламж нь зөвхөн ахуйн бохир усыг цэвэрлэх технологитой боловч тус байгууламжид химийн өндөр бохирдолтой үйлдвэрийн бохир ус нийлүүлэгдэж байгаа нь биологи цэвэрлэгээний чанарыг бууруулах гол хүчин болж стандартын шаардлагад нийцтэл цэвэрлэж чадахгүй байна.

Лаг бүрэн боловсруулах систем өнөөгийн цэвэрлэх байгууламжид огт байхгүй бөгөөд хүнд металлын агууламжтай хаягдал лаг тунадасыг цэвэрлэх байгууламжийн лагийн талбайд ил задгай хатаадаг нь агаарын бохирдол үүсгэх гол шалтгаан болоод байна.

Техник тоног төхөөрөмж нь хуучирч муудсанаас байгууламжийн эрчим хүчний хэрэглээ өндөр, эрчим хүчний зардалд нэг сард 250 сая төгрөг зарцуулж байна.

Технологийн хоцрогдол, техник тоног төхөөрөмж хуучирсан, бетон арматурчлал, суурин барилга байгууламжийн элэгдэл зэргээс үүдэн Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа зогсоход хүрээд байгаа юм.

Товч мэдээ

·  Дипломат албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжээд уг үзэл баримтлалыг баталж, хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэсүрэн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав нарт даалгалаа.

·  2015 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулсан Монгол Канадын дугуй ширээний VI уулзалтын дүнг сайшааж, уг уулзалтын мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлан хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Уул уурхайн сайд бөгөөд тус уулзалтын ахлагч Р.Жигжидэд даалгалаа.

·  “Нүүрснээс синтетик байгалийн хий үйлдвэрлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх ажлын явц, Цацраг идэвхт ашигт малтмал, газрын ховор элементийн өнөөгийн байдлын тухай болон Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудын тухай асуудлыг Уул уурхайн сайд Р.Жигжид Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

 

 

相关新闻