Аялал жуулчлалын салбарын 25 хувийг Дорнод аймаг руу татах боломж бий гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-11-21 16:20:02
Дорнод /МОНЦАМЭ/ Манай улсын аялал жуулчлалын салбарын 25 хувийг Дорнод аймаг руу татах боломж бий гэж үзжээ. Саяхан тус аймаг аялал жуулчлалын мастер төлөвлөгөөгөө хэлэлцэж, хөгжлийн бодлогоо тодорхойлсон юм. 
Монгол Улсын хэмжээнд аялал жуулчлалыг өргөн хүрээнд хөгжүүлэх, жуулчдын тоог нэг саяас дээш давуулах зорилт бий. Тэгвэл үүний багагүй хувийг Дорнод аймгийн хил орчмын болон байгальд суурилсан аялал жуулчлалын бүс бүрдүүлэх хүчин чадалтай гэнэ. Энэхүү төлөвлөгөө 2018-2030 онд хэрэгжиж, дээрх зорилгод хүрэхийн тулд нөхцөл боломжийг судалж эхэлжээ.
Дорнод аймгийн хувьд аялал жуулчлалын таван бүстэй учир тус бүрийнхээ онцлогийг дагаж хөгжих нь зүйтэй, тэр тусмаа хил орчмын бүсэд аялал жуулчлал хөгжих өндөр боломж харагдаж байгаа юм. Сонирхуулахад, жилдээ л урд хөршийн гүний хотуудаас 300 сая жуулчин ӨМӨЗО-ыг зорьдог. Тэд унаган монгол ахуйг нүдээр үзэж, биеэр мэдрэхийн тулд манай улс руу аялах хүсэлтэйгээ илэрхийлэх болжээ. Мөн Дорнод аймгийн онгон дагшин байгаль уг төлөвлөгөөний гол бүтээгдэхүүн гэдгийг ч онцолсон юм.
Д.Дэлгэрмаа
相关新闻