Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүдтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Авилгатай тэмцэх газрын Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтсийн дарга Х.Хашбаатараар ахлуулсан ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллаж байна. Энэ үеэрээ Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүдтэй хамран ажиллахаар гэрээ байгууллаа. Уг дэд зөвлөлийн гишүүд төсөв санхүү, ил тод байдал, хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагаанд хөндлөнгийн хяналт хийх ажээ.
Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүдээр төрийн байгууллагад олон жил ажилласан, дадлага туршлагатай хууль эрх зүйн өндөр боловсрол мэдлэгтэй Б.Зандраа, Г.Төмөртогоо залуучуудын төлөөлөл Ж.Баяржаргал нарыг сонгосон байна.
Авилгатай тэмцэх газраас тус аймагт ажиллаж байгаа ажлын хэсгийнхэн орон нутгийн төсөв түүний бүрдүүлэлт, гүйцэтгэл, төсвийн байгууллагын өөрийн үйл ажиллагааны орлого, төсвийн данснаас өөр дансанд төвлөрүүлсэн хандивын болон бусад орлого, төрийн сангийн нэгдсэн данснаас гадна арилжааны банкинд нээсэн дансны талаарх мэдээлэл, худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, түүний гүйцэтгэл зэргийг шалгаж байна. Мөн орон нутгийн хөгжлийн сан, сум хөгжүүлэх сан, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, хөдөлмөр нийгмийн хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, санхүүжилт болон Засаг даргын нөөц хөрөнгийн зарцуулалт, аудитын дүгнэлт, санхүүгийн бичиг баримтад хяналт, шалгалт хийж байгаа юм.
Д.Мишигсүрэн