Ц.Энхжин Дэлхийн шилдэг 15 гоо бүсгүйн нэгээр тодорч, "Мультимедиа" миссээр шалгарлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон "Дэлхийн мисс-2017" тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Цэвээндашийн Энхжин Шилдэг 15-д шалгарч, "Мультимедиа" миссээр тодрон, "Head to head challenge" шалгаруулалтад багаасаа тэргүүлсэн амжилтыг эх орондоо авчирлаа.
"Дэлхийн мисс-2017" 67 дахь удаагийн олон улсын гоо бүсгүйн тэмцээний эцсийн шатны шалгаруулалт БНХАУ-ын Хайнан мужийн Санья хотноо өчигдөр болж өндөрлөсөн. Дэлхийн 118 орны гоо бүсгүй өрсөлдсөн энэхүү тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Цэвээндашийн Энхжин оролцсон билээ. Ц.Энхжин нь тус тэмцээний "Мультимедиа" буюу олон нийтийн санал асуулгын шалгаруулалтад тэргүүлсэн юм. Дэлхийн миссийн тэмцээний үндсэн Зорилго бүхий гоо бүсгүй, Мисс авъяас, Мисс спорт, Мисс-топ модел, болон Мультимедиа гэсэн үндсэн төрөлтэй. Сүүлийн жилүүдэд "Дэлхийн мисс" тэмцээний үндсэн санаанд томоохон өөрчлөлт орж, "Мультимедиа" буюу олон нийтийн санал асуулгаар дүгнэх төрөл нэмэгдсэн билээ. Эхний дөрвөн төрөл оролцогчийн бэлтгэл, оролцооноос хамаардаг бол, Мультимедиа төрөл эх орны эв нэгдэл, хамтын дэмжлэгээс шууд хамаардаг аж.

Үүнээс гадна Ц.Энхжин шилдэг "Head to head challenge" шалгаруулалтад багаасаа тэргүүлж, шилдэг 40 гоо бүсгүйн нэгээр шалгарч чадсан. "Head to head challenge" шалгаруулалтад гоо бүсгүйчүүдийг багаар хувааж, баг тус бүртэй ярилцлага хийж, ялагчийг тодруулсан юм. "Зорилго бүхий гоо үзэсгэлэн" буюу шилдэг хүмүүнлэгийн төслийн шалгаруулалтад Ц.Энхжин мөн шилдэг 20-д шалгарсан.
2017 оны Дэлхийн миссийг шалгаруулах үдэш буюу өчигдөр Ц.Энхжин Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч, бүжиг дэглээч С.Сүхбаатар гуайгаар дэглүүлсэн "Жалам хар" бүжгийг Ази тивийн миссүүдийг гоцлон тэмцээний тайзнаа толилуулсан юм. Ингээд Дэлхийн шилдэг 15 миссийг дуудах үед Монгол Улсаа төлөөлөн оролцсон Ц.Энхжин шалгарч, Монголын гоо бүсгүйчүүд тив дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж буйг илэрхийлэн харуулсан юм.

Ц.Энхжингийн амжилтууд:
Miss Multmedia төрлийн ялагч
Beauty with a purpose TOP -20
Miss Sport төрөлд TOP -8
Miss Top Model төрөлд TOP -30
Dances of the World TOP -5
Head to head challenge-д группээсээ шалгарч шилдэг 40-д багтсан
People’s choice буюу Ард түмний сонголт төрөлд тэргүүлж Шилдэг 15-д шалгарч чадлаа.

Дэлхийн миссийн тэмцээнд манай улс 2005 оноос эхлэн Үндэсний ялагч миссээ 13 дахь жилдээ оролцуулж байгаа бөгөөд жил ирэх тусам амжилт ахисаар байгаа юм. 2016 онд мисс А.Баярцэцэг маань шилдэг 11-т шалгарч, түүхэн амжилт тогтоосон билээ.
Н.Гантуяа