Үндэсний бөхийн холбоо бүтэц бүрэлдэхүүнээ шинэчлэн баталлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн үндэсний бөхийн холбоо бүтэц бүрэлдэхүүнээ шинэчлэн баталлаа.
Тус аймгийн Үндэсний бөхийн холбоо өнөөдөр 38 бөх оролцсоноос 100 хувийн саналаар аймгийн Засаг дарга Н.Наранбаатарыг Өмнөговь аймгийн Үндэсний бөхийн холбооны тэргүүнээр баталсан бол аймгийн арслан, хөнгөн атлетикийн олон улсын хэмжээний мастер Б.Баянмөнхийг дэд тэргүүнээр сонгосон байна.
Тэргүүн, гишүүдээ шинэчлэн батласан учир цаашид Өмнөговь аймгаас улсын цолтой олон бөхчүүд төрөн гарах нөхцөл боломжийг бүрдүүлэн, залуу, ахмад үеийн залгамж халааг бэхжүүлэн нягт уялдаа холбоотой хамтран ажиллана гэдгээ тэд онцолж байлаа.
Дашрамд сонирхуулахад Өмнөговь аймгийн бөхчүүдээс Манлай сумын харъяат Гомбо-Аюушийн Дэмүүл нь 1969 оны Улсын их баяр наадамд түрүүлж, улсын арслан цол хүртсэн аймгийнхаа улсын цолтой бөхчүүдийн манлай нь юм. Тэрбээр 1961 оны МБАТ-ний анхдугаар спартакиадаар 28 бөхөөс 24 давж улсын заан цолыг шууд авч, улсын наадамд 10 удаа шөвгөрсөн байдаг ажээ.
Д.Мишигсүрэн