Трамп: Парисын халдлага арай өөр байж болох байсан

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-11-16 13:49:31

МОСКВА. /Sputnik/. Францад иргэд галт зэвсэг эзэмших эрхтэй байсан бол Парисын халдлага арай өөрөөр эргэх байсан гэж АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр өрсөлдөж буй Дональд Трамп хэлжээ.

Баасан гарагийн шөнө Парисын “Bataclan” концертын танхим, “Стад де Франц” цэнгэлдэх хүрээлэн зэрэг хэд хэдэн газарт  8 амиа золиослогч халдлага үйлдэж, 129 хүний аминд хүрсэн юм.  

"Дэлхийд галт зэвсгийн хамгийн хатуу хуультай Парист муу хүмүүсээс өөр хэнд ч буу байсангүй. Хэрэв бусад хүнд буу байсан бол, буу авч явахыг зөвшөөрсөн бол, байдал арай өөр байх байсан” гэж Трамп хэлснийг “Time” сэтгүүл мэдээлэв.

Энэ нь Францын галт зэвсгийн хуулийн талаар Трамп бодлоо илэрхийлсэн анхны тохиолдол биш аж.

Зөнч Мухаммедын тухай шог зураг нийтэлснээрээ зартай, "Чарли Хебдо" сэтгүүлийн Парис дахь салбарт 1 дүгээр сарын 7-нд халдлага гарснаар 12 хүний амь үрэгдэж, 11 хүн шархдаж байсан юм. Уг хэргийн талаар “Галт зэвсгийн хамгийн хатуу хуультай газарт уг халдлага гарсан нь сонирхолтой биш гэж үү?” гэж Трамп “Twitter”-т бичиж байжээ.  

АНУ-ын Үндсэн хуулийн хоёр дахь удаагийн өөрчлөлтөөр буу эзэмших, биедээ авч явах эрхийг иргэнд  олгосон юм. Гэвч АНУ-д буу ашигласан хэрэг олноор гарах болсон нь бууны хяналтыг чангатгах хэрэгтэйг сануулсан юм.

Х.Аминаа

 

相关新闻