Аймгийн удирдлагууд бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, ярилцлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгчдийн төлөөллийг аймгийн удирдлагууд "Өглөөний цай"-нд урьж тулгамдаж буй асуудал, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт баялаг бүтээгчдийг хөнгөлөлттэй зээл хөтөлбөрт хамруулах бодлого баримталж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд гадаад дотоод хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрийг дэмжиж хамтран ажиллах, уул уурхайн компани болон томоохон төсөл хэрэгжүүлж буй аж ахуйн нэгжүүдэд ханган нийлүүлэх бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний 50-иас дээш хувийг орон нутгийн иргэд, хоршоо, нөхөрлөл компаниудаар гүйцэтгүүлэх заалтуудыг тусгасан ба бодит ажил болгоход аймаг орон нутгийн удирдлагууд бизнес эрхлэгчидтэйгээ уялдаа холбоотой ажиллана гэдгээ уулзалтын үеэр танилцууллаа.
Түүнчлэн 14 төрөл, 30 гаруй бараа ажил үйлчилгээг зөвхөн манай аймгийн компаниуд Оюу толгой ХХК-д нийлүүлж, хамтран ажиллахаар болсныг дуулгалаа.
Д.Мишигсүрэн