Өмнөговь аймагт энэ онд хууль бус ангийн зөрчил илрээгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-11-15 13:35:34
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт энэ онд хууль бус зөрчил илрээгүй байна. Харин 2016 онд хулгайн ангийн таван зөрчил илэрч байжээ.
Тус аймагт ирэх оноос агнуурын менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлж эхлэх гэж байгаа юм. Иргэн өөрийн хүсэлтээр ан амьтдыг барих, агнах, судалгаанд ашиглах зорилгоор болон сонирхлын дагуу ан агнах ажлыг зохион байгуулах гэж байгаа тохиолдолд байгаль орчин аялал зуучлалын газар хүсэлтээ өгч шийдвэрлүүлэх боломжтой болох юм байна.
Амьтны тухай шинэчилсэн хууль нь амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, түүний нөөцийг зохистой ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршдог. Хууль бусаар ан агнах, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулах, худалдах, худалдан авах, гадаадад гаргахыг завдсан этгээдийг амьтны тухай хууль тогтоомжийн 37.1 буюу тухайн хуулийг зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх, 37,2 буюу амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи–эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нөхөн төлүүлнэ гэсэн заалттай юм байна. Хэрэв хууль бусаар ан агнавал амьтны экологи–эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нөхөн төлүүлэхээс гадна шүүхийн өмнө хариуцлага хүлээнэ. Хууль бусаар нэн ховордсон ан амьтныг агнавал Аргаль хонь 11 сая, хар сүүлт 17 сая, халиун буга 66 сая төгрөгийн мөнгөн дүнг хоёр дахин өсгөж нөхөн төлүүлэхээр хуульд заасан байдаг байна.
Өмнөговь аймгийн хэмжээнд 2016 оны  байдлаар  ховордсон амьтад болох янгир ямаа 2018, хар сүүлт 1181, аргаль хонь 3044, хулан адуу 2145 гаруй байна  гэсэн тоон судалгаа гарчээ. 
Д.Мишигсүрэн
相关新闻