Японд сэтгэцийн эмгэгтэй 700 орчим хүний жолооны үнэмлэхийг хураан авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-11-06 13:19:02
ТОКИО. /Ройтерс/. Япон улсад сэтгэцийн эмгэг сүүлийн шатандаа орсон, өндөр настай 700 орчим жолоочийн жолооны үнэмлэхийг хүчингүй болгожээ.

“Ройтерс” агентлагийн мэдээлснээр, Японы цагдаа нар замын хөдөлгөөний аюулгүй байдалд хяналт тавих дэлгэцээр ажиглалт хийсний дүнд “эрүүл бус” байж болзошгүй 30 мянга орчим жолоочийг зогсоож шалгаснаар 700 орчим жолоочийн жолооны үнэмлэхийг хураан авсан байна.

Хүн амын дундаж наслалтаараа дэлхийд тэргүүлдэг Японд  жилд 50 мянга орчим хүн сэтгэцийн эмгэгтэй гэж оношлогддог аж.

Тус улсад жил бүр 75-аас дээш насныхан холбогдсон зам тээврийн ноцтой осол хэдэн зуугаараа бүртгэгддэг байна. Үүнтэй холбоотойгоор 75-аас дээш насныхан автомашин барих зөвшөөрөл авахдаа танин мэдэхүйн сорил өгөх зайлшгүй шаардлагатай гэсэн заалтыг тус улс саяхан баталсан замын хөдөлгөөний тухай шинэ хуульдаа тусгаж өгчээ.

Өнгөрсөн онд Японд өндөр настай жолооч нар хүний аминд хүрсэн зам тээврийн осол хийсэн 459 тохиолдол бүртгэгджээ.
Г.Доржханд
相关新闻