Техасын сүмд буутай этгээд олон хүнийг хөнөөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-11-06 08:14:13
ХЬЮСТОН. /Америкийн дуу хоолой/. АНУ-ын Техас муж улсын нэгэн сүмийн цуглааны үеэр зэвсэгт этгээд хүмүүс рүү буудсаны улмаас 26 хүн амь үрэгдэж, 30 орчим хүн шархаджээ.

“Америкийн дуу хоолой” агентлагийн мэдээлснээр, энэ хэрэг орон нутгийн цагаар ням гарагийн үдийн 11:30 цагт Техас муж улсын Уилсон хошууны Сазерленд-Спрингс хэмээх жижиг хотод болсон байна. Хэргийн газраас оргон зугтсан зэвсэгт этгээдийг цагдаа нар олж, буудан устгажээ. Энэ хэргийг ямар шалтгааны улмаас үйлдэх болсныг тогтоохоор холбогдох албаны хүмүүс ажиллаж байгаа аж.

Сүүлийн үед АНУ-д буугаар хүмүүсийг буудан хөнөөх тохиолдол цөөнгүй гарч байна. Саяхан л гэхэд өнгөрсөн 10 дугаар сарын 1-нд тус улсын Лас-Вегас хотод нэгэн этгээд 58 хүнийг буудан хөнөөсөн юм. Энэ нь тус улсын орчин цагийн түүхэнд буугаар хамгийн олон хүнийг хөнөөсөн тохиолдол болсон  билээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ази дахь анхны айлчлалынхаа хүрээнд Япон улсад одоо төрийн айлчлал хийж байгаа юм. Тэрбээр ийм хэрэг болсонд харамсаж, эмгэнэн гашуудаж буйгаа “Твиттер” хуудсаараа дамжуулан илэрхийлээд “Би нөхцөл байдалд хяналт тавьж байгаа. Холбооны мөрдөх товчооныхон хэргийн газарт ажиллаж байна” гэжээ.
Г.Доржханд
相关新闻