1074 хэрэглэгч эрчим хүчний шөнийн хэрэглээний хөнгөлөлт эдэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-11-01 14:31:17
Дундговь /МОНЦАМЭ/.Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нийслэл, аймгийн төв болон 10 мянгаас дээш хүн амтай сум, суурингийн гэр хорооллын төвлөрсөн дулаан хангамжид холбогдоогүй, 2 тарифт тоолууртай айл өрхийн цахилгаан эрчим хүчний шөнийн хэрэглээний төлбөрийг хөнгөлөх Засгийн газрын шийдвэр өнөөдрөөс хэрэгжиж эхлэв. Дундговь аймагт энэ хөнгөлөлтийг 1074 хэрэглэгч эдэлнэ.

Айл өрхүүд орой 21 цагаас өглөөний 6 цагийн хооронд цахилгаан эрчим хүчийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр ирэх оны дөрөвдүгээр сарын нэгний өдөр хүртэл хэрэглэх ажээ. Зөвхөн ахуйн хэрэгцээндээ болон гэр, сууцаа халаах зориулалтаар цахилгаан эрчим хүчийг хөнгөлөлттэй үнээр хэрэглэх бөгөөд ингэхдээ стандартын шаардлага хангасан баталгаажсан тарифт электрон тоолуур, аюулгүй байдлыг хангасан цахилгаан хэрэгсэлтэй байхыг Дундговь ЦТС салбараас хэрэглэгчдэд сануулж байна. Хэрэглэгчид мөн тарифын хөнгөлөлт эдлэхээс өмнө хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй байх шаардлагатай ажээ.

Цахилгаан эрчим хүчний шөнийн хэрэглээний тарифын хөнгөлөлтийг өнгөрсөн жил 1027 хэрэглэгч ашиглаж байсан бол энэ жил хэрэглэгчдийн тоо 40 гаруйгаар өсчээ.

T. Отгонтуяа
 
 
相关新闻