Д.Сумъяа: 13 жилийн хөдөлмөр, хөлс хүчийг минь төр засаг үнэлсэнд талархаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
gantuya@montsame.mn
2017-11-01 13:31:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин цол хүртсэн тамирчдаас сэтгэгдлийг нь хуваалцсан юм. 

Хөдөлмөрийн баатар цол хүртсэн тамирчин Доржсүрэнгийн Сумъяа:
Төрийн дээд цолоор шагнуулсандаа маш их баяртай байна.Энэхүү шагналыг төр засаг маань 13 жил хөдөлмөрлөсөн хөлс хүчийг минь өндрөөр үнэлж урамшууллаа гэж бодож байна. Би Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн. Анх намайг жудо бөхийн спортод хөтөлж оруулж ирсэн хүн нь манай аав Доржсүрэн. 2005 онд анх Ч.Базарсүрэн, С.Эрдэнэбат багш нарынхаа удирдлага доор А үсгээ заалгаж байсан. 2008 оноос эхлээд Жудо бөхийн шигшээ багийн ах эгч нартайгаа хамт бэлтгэлд орж, 2010 оноос албан ёсоор Шигшээ багийн тамирчин болоод өнөөдрийг хүртэл бэлтгэл сургуулилтаа хийж байна. 2011 оноос хойш Монгол Улсын аварга, Ардын багш, Жудогийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч О.Балжинням багштайгаа хичээллэж байгаа. Шигшээ багийн нийт багш нартаа баярлалааа. Багш нарын маань уйгагүй, нөр их хөдөлмөр нь тамирчдын амжилт байдаг. Тэр дундаа Х.Эрдэнэт-Од багшдаа маш их баярлаж байна. 2008 оноос хойш тасралтгүй 10 жил удирдлаган дор нь бэлтгэл сургуулилт хийж ирсэн. Монголын жудо бөхийн холбоо, Спорт бэлтгэлийн төв, яам, агентлаг, Шигшээ багийн алба гээд бүгдэд нь талархаж байна. Сүүлийн 4 жил хүчний бэлтгэлийг "Алдар" спорт хорооны Энхтөр багштай хамтарч хийж байгаа. Миний үндсэн байгууллага ХХЕГ хурандаа Бат-Эрдэнэ даргатай 208 дугаар Тусгай ангийн бие бүрэлдэхүүнд, Монголын өнцөг булан бүрт хилээ манан үүрэг гүйцэтгэж байгаа хилчиддээ энэ өдрийн мэнд хүргэж, баяраа хуваалцмаар байна. Жудод хайртай, ивээн тэтгэдэг хүмүүс бий. Яг энэ мөчид маш олон хүнд баярлаж талархснаа илэрхийлэхийг хүсч байна. Төрүүлж өсгөсөн аав ээж, эмээ өвөөдөө маш их баярлалаа.

Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртсэн Ганбаатарын Одбаяр:
Сэтгэл маш өндөр байна. Өчүүхэн амжилтыг минь өндрөөр үнэлсэн төр засагтаа баярлалаа. Миний хөдөлмөрийг үнэлж гавьяат тамирчин цол олгосонд маш их баярлаж байна. Би 13 жил жудо бөхөөр хичээллэж байна. Нийт жудо бөхийн, найз нөхөддөө чин сэтгэлийн талархал илэрхийлье. Та нар минь намайг эрлэж хурцалж байсан шүү. 2017 оны ДАШТ хамгийн сэтгэл догдлуулсан тэмцээн байлаа. Он дуусахаас өмнө  гурван тэмцээн байгаа. Тэнд л амжилт гаргахын төлөө хичээж бэлтгэл сургуулилтаа хийнэ дээ.

Н.Гантуяа

相关新闻