65 сая төгрөгийн шагналын сантай багийн аварга шалгаруулах 3х3 барилдаан эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбоо, НЗДТГ-тай хамтран зохион байгуулж буй үндэсний бөхийн хотын аварга баг шалгаруулах 3х3 халз барилдаан эхэллээ.
2024-2025 оны улиралд анх удаа зохион байгуулж буй тус барилдаанд улс, аймаг, цэрэг, сумын цолтой 27 бөх зодоглож байгаа бөгөөд гурав гурваараа есөн дүүргийн нэрийн өмнөөс өрсөлдөх юм. Өчигдөр тус барилдааны эхний дөрвөн тойргийн барилдаан болсон бөгөөд одоогийн байдлаар Багануур, Чингэлтэй дүүрэг долоон даваа, гурван ялаллтай тэргүүлж байна. Харин араас нь Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн баг долоон даваа, хоёр ялалттай нэхэж байгаа юм.
Тэгвэл хувийн дүнгээр улсын заан Б.Батмөнх дөрвөн даваатайгаар бөхчүүдийг тэргүүлж эхэлсэн бол гурван даваатай зургаан бөх ард нь жагсаж байна. Энэхүү багийн барилдааны 5-9 дүгээр тойргийн барилдаан энэ сарын 14-нд үргэлжилж, нийслэлийн аварга баг тодрох юм. Энэ үеэр МҮБХ-ноос 2024-2025 оны улиралд зохион байгуулсан барилдаанд идэвх зүтгэлтэй, тогтмол оролцож, амжилтын чансаагаараа тэргүүлсэн бөхчүүдийг мөнгөн шагналаар урамшуулж, “Дурсгалын батламж” гардуулах ажээ.
65 сая төгрөгийн шагналын сантай тус барилдаанд түрүүлсэн баг 15 сая төгрөг гардах бол хоёрдугаар байр 10, гуравдугаар байр таван сая төгрөгийн эзэн болно. Түүнчлэн хувийн дүнгээр тэргүүлсэн бөхийг таван сая төгрөгөөр мялаах бол давааны бай 250 мянган төгрөг аж.