“Алтан цом”-ын барилдаанд есөн компанийн ивээн тэтгэсэн есөн баг оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-10-10 10:04:30

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулах “Алтан цом”-ын барилдаан энэ сарын 25, 26-нд болно.


Тус барилдааны журам, зохион байгуулалтыг тогтоох уулзалт өчигдөр бөхийн өргөөнд болжээ. Шинэлэг хэлбэрээр явуулах эл барилдаанд “Эм Си Эс”, “Энержи Ресурс”, “Нутгийн буян групп”, “МИГ даатгал”, “Хатант интернэйшнл”, “Алсын зам”, “АПУ ба Шунхлай групп”, “Норд Роуд”, “Од групп” гэсэн есөн компани багаа оролцуулах аж. “Алтан цом”-д өрсөлдөх багууд тус бүр найман гишүүнтэй байх юм. Ингэхдээ гурван бөхийг өөрсдөө сонгох бол үлдсэн тавыг нь сугалаагаар авна.


Есөн баг улирлын турш тойргоор барилдаж, хамгийн олон даваатай дөрөв нь плей-оффт шалгарснаар медальт байрын төлөө өрсөлдөх эрхтэй болно. Монгол үндэсний бөхийн дэлхийд дахинд сурталчлах зорилгоор зарим барилдааныг хилийн чанадад явуулах боломжтойг зохион байгуулагчид онцоллоо. 1.5 тэрбум төгрөгийн шагналын сантай энэхүү барилдаанд багаа илгээх компаниуд энэ сарын 13-ны дотор сонгосон бөхчүүдийнхээ нэрийг илгээж, 20-ны даваа гарагт баг бүрдүүлэх сугалааг явуулах юм байна.


Үүнээс гадна “Алтан цом”-ын барилдааны үеэр болдог урлаг, спорт, бусад салбарынхан оролцсон “Оддын барилдаан”-ыг улиралд нэг удаа зохион байгуулахаар болсон нь энэ жилийн онцлог юм.


Ташрамд дурдахад, “Алтан цом”-ын барилдаанд зодоглох боломжтой 80 бөхийн жагсаалтыг Монголын үндэсний бөхийн холбооноос танилцуулсан. Тэднийг улсын арслан Э.Батмагнай тэргүүлж байгаа бол заан Б.Бат-Өлзий, аварга О.Хангай, гарди Н.Өсөхбаяр, арсланд Ц.Бямба-Отгон, Б.Орхонбаяр, аймгийн хурц арслан Д.Алтанцоож, Н.Амгаланбаатар, заан М.Лхагвагэрэл, начин Д.Амарсайхан нар эхний аравт жагсаж байна. Тэднээс улсын гарди Н.Өсөхбаярыг барилдах эрхийг допингийн асуудлаар түдгэлзүүлсэн учраас энэ удаа зодоглох боломжгүй юм. 

相关新闻