Улаанбаатар-Чонжү чиглэлд 100 ам.доллараар нислэг үйлдэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-10-31 13:38:24
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн 500 авиа компанийн нислэгийн тийзийг борлуулагч “Z24” компани үүсэн байгуулагдсаны гурван жилийн ойн хүрээнд хэрэглэгчиддээ Улаанбаатар-Чонжү чиглэлийн нислэгийн нэг талын тасалбарыг энэ сарын 10-нд 100 ам.доллараар худалдан авах боломжийг олгож байна.

БНСУ-ын “Easter Jet” нислэгийн компанитай хамтран зохион байгуулж буй энэхүү нислэг ирэх сарын 10-ны 03.30 цагт Улаанбаатараас хөөрч, Чонжүд 07.40 цагт буух юм. Харин буцах нислэгийг ирэх сарын 12-нд үйлдэх бөгөөд 130 мянган вон буюу мөн л 100 ам.доллар байх юм. Суудлын тоо хязгаартай бөгөөд нэг талдаа 180 хүний багтаамжтай онгоц нисэх аж.

Гурван жилийн өмнө зургаан хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа эхлүүлж байсан “Z24” компани иргэдийн нислэгийн тийз захиалах үйл ажиллагааг түргэн шуурхай явуулж, цагийг хэмнэх зорилгоор www.z24.mn цахим хуудас, гар утасны z24 аппликейшнийг нээн ажиллуулж байгаа юм. Улмаар үйл ажиллагаагаа өргөжүүлэн Хонг Конг болон БНСУ-ын Сөүл хотод салбараа нээжээ. Ирэх онд АНУ, Сингапур, Тайландад салбараа нээхээр төлөвлөж байгаа аж.
 
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр
相关新闻