Хосууд Гэр бүлийн андгай өргөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-10-30 20:44:46
Баянхонгор /МОНЦАМЭ/. Алтан унжлагат тахиа жил төрдөө өрх нэмж, удам ургаасаа гал таслан гэр бүл болсон Бууцагаан сумын 26 шинэ хос "Гэр бүлийн андгай өргөх ёслол"-д оролцжээ. Мөн үеэр ах дүү амраг садан, найз нөхдийнх нь дэргэд өндөр өвөг дээдсийн ёс уламжлалын дагуу төрдөө бүртгэн, гэрлэлтийн батлахыг нь гардуулсан байна.
“Тэнгэр заяат өвөг дээдсээс уламжлан ирсэн ариун гал голомтоо дээдлэн жинхэнэ хайр болон бусдын сайн сайхны төлөөх амьдралын соёлыг бий болгож, үр хүүхдийнхээ өмнө үлгэр дууриал болж чадсан бид хоёр бат бэх гэр бүлийг байгуулснаар эх орныхоо хөгжлийн төлөө өөрсдийн хувь нэмрээ оруулсан жинхэнэ гэр бүлийг байгуулахаа тэнгэрлэг өвөг дээдэс, үр удам, хойч үеийнхээ өмнө тангараглаж байна” хэмээн залуу хосууд ийнхүү тангараг өргөжээ.
Сонирхуулахад, Төр улсын анхан шатны нэгж болсон гэр бүлээ батлан үнэнч хайр халамжийн илэрхийлэл болгож, бие биедээ андгай өргөн ёсолж буй тус арга хэмжээ цаашид уламжлал болох юм байна.
                                                                                                                                                        Б.Мөнхзул
相关新闻