Өдөрт 25-30 ажилчин ямар нэг шалтгаанаар ажилдаа ирдэггүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “SSM” ХХК-ийн удирдлагуудын хүсэлтээр гурвалсан гэрээ байгууллаа.
Тус компани болон орон нутгийн удирдлага, ажилчидтай байгуулсан гурвалсан гэрээнд хаа хаанаа ажлын хариуцлагатай байж, ажлын бүтээмжээ нэмэгдүүлэх, сардаа нэг удаа уулзалт зохион байгуулах, сургуулийн багш нар, эцэг эхийн хамтарсан хурал хийж байхаар талууд тохиролцжээ.
“SSM” ХХК орон нутгийн иргэдийг ажлын байраар хангахад анхаарч байгаа ч өдөрт 25-30 ажилчин ямар нэгэн шалтгаанаар ажилдаа ирдэггүй, сард 60-70 ажилчин эмчийн магадлагаа авдгаас ажлаа хийж байгаад нь бэрхшээл үүсдэг байна. Түүнчлэн өнгөрсөн 10 сарын байдлаар “SSM” компанид тус сумаас 282 иргэн шинээр ажилд орсон ч 63 нь шалтгаангүйгээр ажлаас гарсан байна.
Иймээс орон нутгийн удирдлага, компанийн удирдлага, ажилчин гэсэн гурвалсан гэрээг байгуулж байгаа ажээ.
Өнөөдрийн байдлаар тус компанид сумаас 405 ажилчин ажиллаж байгаа бөгөөд 2017 оны есдүгээр сард албан ёсоор Ханбогд сумын компани болж нийгмийн хариуцлагын хүрээнд олон салбарт үр өгөөжөө өгч байгаа юм. Сумын удирдлагуудын зүгээс иргэдээ ажилтай байлгах зорилго тавьж байгаа ч дээрх байдлаас болж аль аль талдаа бэрхшээл үүсч байгаа учир нэгэнт сонгосон ажлын байрандаа үр бүтээлтэй, хариуцлагатай ажиллахыг иргэдээс хүсч байгаагаа мэдэгдлээ.
Тус компани нь Оюутолгойн уурхай дахь хоол үйлдвэрлэл болон үйлчилгээг хариуцаж ажилладаг юм.
Д.Мишигсүрэн