Бүтэн дээвэртэй болсон ч тааз нь нурах аюул сумын цэцэрлэгт нүүрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-10-25 20:49:13
Дундговь /МОНЦАМЭ/.Хүчтэй салхи шуурганы улмаас Цагаандэлгэр сумын цэцэрлэгийн дээвэр хийсч унаад жил тойрон болсон юм.  Шинэ дээвэр хийхэд зориулан  улсын төсвөөс 80 шахам сая төгрөг өгч, барилгыг дээвэрлэж эхэлсэн талаар өнгөрөгч сард мэдээлж байсан.
Өнөөдрийн байдлаар цэцэрлэгийг дээвэрлэж дууссан. Гэвч цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн горимдоо шилжээгүй. Сумын ЗДТГ-ын ажилчдын орон сууцны нэг жигүүрт давчуу жижигхэн өрөөнд хүүхдүүдээ хүлээн авсан хэвээр, өнгөрсөн хичээлийн жилийг дуусгасан тэр л төрхөөр үйл ажиллагаа нь үргэлжилж байна. Учир нь барилгын тааз дээврийн ачааллын улмаас доош хотойж, нурах эрсдэл үүсчээ.

Тус сум 2008 онд цэцэрлэгийн шинэ барилгыг ашиглалтад хүлээн авсан юм. Тухайн үед “Бат хэрэйд” ХХК цэцэрлэгийг барьж ашиглалтад өгчээ. Барилга анх хавтгай дээвэртэйгээр баригдсан бөгөөд дээврээс дусаал гоождог байсан тул 2013 онд гүйцэтгэгч компани дээврийг сольж, тавь шахам сая төгрөгөөр шувуун нуруутай  болгож босгосон бөгөөд энэ нь өнгөрсөн жилийн хавар хүчтэй салхинд хийсч унасан аж. Ингэж шувуун нуруутай дээвэр хийх үед барилгын хана, таазанд ачаалал ирж, хананд цууралт үүсэн, тааз доошоо хотойсон байна. Хотойсон таазыг тулах маягаар төмөр нуруу хийсэн ч энэ нь стандарт бус ажил болжээ.

Дээвэр унасаны дараа засвар хийлгэхээр хөөцөлдөх үедээ цэцэрлэгийн захиргаа барилгын зураг төслийг хийсэн “Ган харш” ХХК- д хүсэлт уламжилсаны дагуу тус компани цэцэрлэгийн барилгад гарсан гэмтлийг газар дээр нь үзэж, хэд хэдэн шалтгааныг тодорхойлсон байна. Үүн дотор барилгын дээврийг анх хийхдээ хавтангийн зузааныг 150 мм- ээр зураг төсөвт тусгасан байхад 100 мм- ээр хийсэн. Хучилтын дулаалга болон керамзитын дээр  30 мм зузаан цементэн тэгшилгээг арматуртай хийх байтал арматургүйгээр 100 мм зузаантай болгож хийсэн. 2013 онд дээврийг засахдаа хуучин дээвэр дээрээс дахин 100мм зузаан пенополистрол, 20 мм зузаан керамзит, 50 мм зузаан цементэн тэгшилгээг нэмж хийсэн нь хучилтан дээр ирэх ачаалал барилгын зураг төсөвт тусгаснаас даруй хоёр дахин ихсэхэд хүргэсэн хэмээн дүгнэжээ.

Мөн барилгын зураг төслийг 2006 онд хийсэн бөгөөд зураг төслийг хүлээлгэн өгснөөс хойш ямар компани хэзээ барьсан талаар болон техникийн хяналт яаж гүйцэтгэсэн талаар мэдээлэлийг эргэж өгөөгүй, барилга барих явцад зохиогчийн хяналт хийгдээгүйг дурьдсан байна.
Барилгад үүссэн гэмтэл ийн тодорхой байсан ч хучилтын бэхэлгээ, тулгуурыг хийлгүйгээр шувуу нуруутай дээврийг дахин хийсэн нь барилгын гэмтлийг улам лавсгаж, гаднаас харахад бүрэн бүтэн болсон мэт боловч дотор нь үйл ажиллагаа явуулахад хэтэрхий аюултай байдлыг нэгэнт үүсгэжээ.

2017.10.25 Цагаандэлгэр сумын цэцэрлэг


Дээврийн ажлыг  Дундговь аймгийн “Үлэмж инвест” ХХК гүйцэтгэсэн бөгөөд дээрхи 80 шахам сая төгрөгийн төсөвт бэхэлгээ тулгуур хийх ажил огт байгаагүй гэдэг шалтгаанаар тулгуур бэхэлгээгүйгээр  зөвхөн дээврийг л хийж гүйцэтгэсэн юм байна.

Барилгын гэмтэл тодорхой байхад бэхэлгээ тулгуургүйгээр дээврийн ажлыг яагаад хийх болсон талаар  аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга Ц. Бумангэрэлээс лавлахад, тулгуур бэхэлгээг хийж, дээвэрлэх ажлын нийт  130- аад сая төгрөгийн төсвийг яаманд өгсөн бөгөөд дээврийн 79.5 сая төгрөг л шийдэгдсэн. Тулгуурыг эхэлж хийнэ гэхээр нэгэнт батлагдсан дээврийн төсөв буцаан татагдаж магадгүй тул батлагдсан төсвөөр дээврийг хийлгээд авъя. Дараа нь хучилтыг бэхжүүлж, тулгуур хийлгэхэд анхааръя гэж шийдсэн гэдэг хариултыг өгсөн юм.

Өнөөдрийн байдлаар Цагаандэлгэр сумын цэцэрлэг орон сууцны барилгын нэг жигүүрт 18 м.кв хүрэхтэй үгүйтэй талбай бүхий хоёр өрөөнд 39 хүүхэдтэй,  үйл ажиллагаагаа стандартын бус  тохь тухгүй нөхцөлд үргэлжлүүлж байна. Энэ байдлаар дахин нэг хичээлийн жилийг дуусгах төлөвтэй болжээ.
 
Т. Отгонтуяа
 
 
 
相关新闻