Л. Цэвээнравдан: Иргэдэд даргархаг ханддаг нь төрийн албан хаагчдын алдаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-10-25 18:40:48
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймагт удирдах албан тушаал хашиж явсан үе үеийн ахмадууд нэгдэж “Элгэмсэг дотно Дундговь” Төрийн бус байгууллагыг оны эхэнд байгуулсан. Энэ байгууллага сумдын ЗДТГ-т зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж эхэлжээ. Энэ тухайд тус байгууллагыг үүсгэн байгуулагчдын нэг төрийн албаны ахмад ажилтан Л.Цэвээнравдангаас тодруулсан юм.

“Элгэмсэг дотно Дундговь” ТББ-д аймаг орон нутагтаа удирдах албан тушаал хашиж байсан, салбар салбарт төрийн ажлын туршлага хуримтлуулсан ахмадууд хаана аж төрж байгаагаас үл хамааран нэгджээ. Тэд аймаг орон нутагтаа төрийн албыг бэхжүүлэх болон өөр бусад чиглэлээр зөвлөн тусалж, гар бие оролцон ажиллах зорилгыг өмнөө тавьсан байна. Үүний тулд аймгийн Засаг даргатай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, 2020 он хүртэлх үйл ажиллагааны нь хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хэрхэн тусалж ажиллах талаар төлөвлөгөө гаргасан гэж төрийн албаны ахмад ажилтан Л.Цэвээнравдан хэлж байна.
“Энэ удаад сумдын ЗДТГ-ын үйл ажиллагааг чадавхижуулахад зөвлөн туслаж байна. Нэн түрүүнд зөвлөж байгаа зүйл бол сум тус бүр санал санаачлагын санг үүсгэх тухай юм. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагч хэн боловч эрхэлж байгаа ажлаа сайжруулахад шинэ санал санаачлага гаргадаг байх учиртай. Шинэ санал санаачлагаа хэрэгжүүлж, ард иргэддээ танилцуулж, үр дүнг үзнэ. Үүнд нь ард иргэд үнэлэлт өгдөг байвал төрийн ажил үйлчилгээний чанар сайжирч, төрийн албан хаагчдын ажил илүү бодитоор үнэлэгдэнэ. Төрийн алба хаагч, ард иргэдийн хоорондын харилцаа ч илүү сайн ойртох юм. Санал санаачлагын санг байгуулах тухай журмыг ч бид боловсруулсан. Үүнийгээ сумын ЗДТГ-т өгч байна” гэв.
Төрийн албаны боловсон хүчний тогтвор суурьшил сүүлийн жилүүдэд алдагдаж,  энэ хэрээр сахилга хариуцлага илт суларчихсан, төрийн алба хашиж байгаа зарим залуус ажилдаа сэтгэл зүрхнээсээ, хариуцлагатай хандаж чадахгүй байгаа явдалд харамсаж буйгаа ахмадууд илэрхийлж байна. Тиймээс төрийн ажил үйлчилгээг анхан шатанд нь сайжруулахад хувь нэмэр оруулж, зөвлөн туслах ажлыг ийнхүү эхлүүлжээ.
“Элгэмсэг дотно Дундговь” ТББ-ыг Дундговь аймгийн АДХ- ын гүйцэтгэх захиргааны даргаар 1981-1990 онд ажиллаж байсан Б.Дамдинсүрэн тэргүүлэн ажиллаж байгаа юм.
 
Т. Отгонтуяа
 
 
 
相关新闻