О.Бат-Эрдэнэ: Аймаг, сумын өвсний нөөц бүрдсэн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-10-25 17:00:02
Дундговь /МОНЦАМЭ/. Мал аж ахуйн өвөлжилтөд зориулж аймаг, сумын аюулгүйн нөөцийн өвсийг бэлдэж дууссан гэж аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ хэллээ. Одоо төсвийн тодотголоор мөнгө батлагдвал тэжээлийн нөөцийг бүрдүүлнэ гэв. Мал аж ахуйн тэжээл, өвсний нөөц бүрдүүлэлт, отор нүүдлийн талаар  түүнээс дараахь тодруулгыг авлаа.  
 
Хэдий хэр хэмжээний хөрөнгийн ямар эх үүсвэрээр Дундговь аймаг өвс, тэжээлийнхээ нөөцийг бүрдүүлж байна вэ?
- Засгийн газраас 209 сая төгрөгийг манай аймагт хуваарилсан. Үүний 40 сая төгрөг шилжиж ирснээр бид 5000 боодол өвс авсан. Үүн дээр нэмж Мал хамгаалах сангаасаа 80 сая төгрөг гаргаад 10 мянган боодол өвс авч байна. Ингээд нийт 15 мянган боодол өвс шинээр авч байгаа юм. Үүнийг сумдадаа хуваарилснаар сум тус бүрт 40 тонн өвсний нөөц бүрдэнэ.
Аймгийн аюулгүйн нөөцийн хувьд, 190 тонн өвс бэлдэнэ. Одоо нөөцөд 188 тонн өвс бий. Өөрөөр хэлбэл аймаг, сумын аюулгүйн нөөц өвсөөр бүрэн хангагдсан гэж хэлж болно.
Харин тэжээлийн хувьд одоогоор хангалт дутуу байна. Төсвийн тодотголоор 169 сая төгрөг батлагдвал 60 орчим сая төгрөгөөр нь тэжээл бэлдэж авах юм.
-Өвсийг хаанаас татан авч байна вэ?
-Өндөршил сумын “Морьт боржгин” ХХК-иас худалдан авч байгаа. Энэ компани Хэнтий аймагт хадлангийн салаагаа гаргаж, өвс бэлдэж авсан юм. Онцгой нөхцөл байдлын үед шууд гэрээ байгуулах тендэрийн хуулийн заалтаар энэ компанитай гэрээ байгуулсан.
Өвсний чанарыг хэрхэн баталгаажуулж авч байгаа вэ?
-Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч дүгнэлт гаргаж, үүнийг үндэслэн авч байна.
-Нөөцөд жил өнжсөн өвс бий юу?
-Бага хэмжээгээр бий. Өнгөрсөн жил 6000 гаруй боодол өвс авсаны үлдэгдэл, мөн Дэлгэрцогт, Эрдэнэдалай сумын нөөцөд уржнан жил бэлдсэн өвсний үлдэгдэл цөөн тоогоор байна. Хорь хүрэхгүй хувь нь л жил өнжсөн өвс байна даа. Энэ жил шинэ өвс даацтайхан авсан гэж үзэж байгаа.
-Отор нүүдлийн хувьд хэрхэх вэ? Та өнгөрөгч наймдугаар сард отор нүүдлийг түр хугацаанд хориглосон захирамж гаргасан. Тэр захирамж хүчинтэй хэвээр үү?
-Малчид аймаг дотроо отор нүүдэл хийж байна. Гэхдээ тийм ч ихгүй. Нийт 150 өрхийн 70 мянга 800- аад мал аймаг дотроо оторлож байна. Малчид ерөнхийдөө л нутаг нутагтаа өвөлжих төлөв байна.
Гаднаас 53 өрхийн 53 мянга 580 гаруй мянган мал оторлон ирсэн. Малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан наймдугаар сард өөрийн малчдыг гадагш оторлохыг, гаднаас оторчид хүлээн авахыг хориглон гаргасан захирамж хүчинтэй. Харин хэрэгжилтийг хангаж ажиллах үүргийг сумын Засаг даргад сануулж, орж ирчихээд байгаа оторчид дээр нэмж оторчид хүлээн авахгүй байх чиглэлийг өнөөдөр өглөө.
Шүлхий өвчний голомт үүсч хорио цээрийн дэглэм үргэжилсэн  Өлзийтийн Буянт, Гурвансайханы Дэрсэнэ- Ус, Сайнцагааны Үйзэн багийн хувьд малын хөдөлгөөнийг хязгаарлаж байна. Өөрөөр хэлбэл, аймаг дотроо ч гэсэн  отор нүүдэл хийхгүй байхыг малчдад сануулж байгаа. Хэрвээ эдгээр нутагт цаг хүндэрвэл мал, малчдыг хааш нь оторлуулах вэ гэдгийг тухайн үед нь шийдвэр гаргаж зохицуулна.
-Отрын бүс нутагтай гэрээ хийсэн үү?
-Манай нийт бэлчээрийн 40 хувьд даац хүрэхгүй, бусдад нь мал өвөлжих боломжтой гэсэн бэлчээрийн даацын зураглалыг гаргасан. Бэлчээрийн энэ нөөц боломждоо түшиглээд өвөлжчих болов уу гэж бодож байна.  Гурван сая гаруй мал өвөлжинө. Хэрвээ яахын аргагүй цаг хүндрээд ирсэн нөхцөлд оторлох шаардлага мэдээж үүсэх тул Хэрлэнбаян- Улааны аймаг дундын отрын бүс нутагт 20 мянган мал өвөлжүүлэх гэрээг хийгээд байна.  
-Үлийн цагаан оготноос бэлчээрээ хамгаалахад хэрхэн анхаарч байна вэ? Оготнын тархалтыг хязгаарлахад улсаас хөрөнгө хардаг. Орон нутагт төсөвлөсөн хөрөнгө бий юу?
-Орон нутгийн хөгжлийн санд нэг тэрбум гаруйхан төгрөг хуваарилагдсан. Түүнээс мөнгө төсөвлөж чадаагүй. Одоо мал хамгаалах сангаас 20 сая төгрөг зарцуулъя гэсэн шийдвэртэй байна. Үүнийг оготно хамгийн их тархалттай байгаа Эрдэнэдалай, Луус, Дэрэн, Говь- Угтаал суманд хуваан өгч, цас их орохоос өмнө механик аргаар оготно устгах ажлыг зохион байгуулах юм. Ер нь 8 суманд 490 гаруй мянган га бэлчээрт оготно ихээр тархсан, тархалтыг хязгаарлахад 600–аад сая төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарч байгаа юм.
Цас их орохоос өмнө оготнотой тэмцэх ажлыг эхлүүлэх шаардлагатай байгаа талаар ХХААХҮ- ийн яаманд холбогдох албан тоотыг илгээсэн. Энэ жилийн хувьд 40 га бэлчээрт оготно устгахад зориулан 64 сая төгрөг яам шилжүүлэхээр болсон байна. Энэ мөнгө шилжиж ирвэл мал хамгаалах сангаасаа гаргах гэж байгаа 20 сая төгрөгтэй нийлээд 84 сая төгрөгөөр оготнын тархалтыг хязгаарлах арга хэмжээ авна гэсэн үг.  
Орон нутагтаа малын тэжээлийн ургамал тариалах тал дээр анхаарал хандуулж байна уу? Урьд жилүүдэд малын тэжээлийн ургамал тариал гээд орон нутгийн хөгжлийн сангаас багагүй хөрөнгө зарцуулж байсан санагдана. Ямар үр дүнтэй байгаа бол?
- Хоёр сумын нутагт бий болгосон бэлчээрийн ургамалын тариалалтын талбай, багагүй хөрөнгө оруулалтаар бүрдсэн тоног төхөөрөмжийг түшиглээд орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг өмнөх удирдлагын үед байгуулсан байдаг. Орон нутгийн хөгжлийн сангаас ч нэг бус удаа хөрөнгө зарцуулсан юм билээ.
Тэр санхүүжилт урсгал зардал, тухайн жилийн тариалалтад зарцуулагдсан гэдэг ч үр дүн дорвитой харагдахгүй байгаа юм.  Энэ жил тариалалтын гол талбайдаа усны эх үүсвэргүй болсон гэдэг шалтгаанаар тариалалт хийгээгүй. Тоног төхөөрөмжөө өөр зориулалтаар ашиглаж байгаад эвдсэн тохиолдол гарсанд нь ажлын хариуцлага тооцсон. Ийм байдалтай байна.
Миний хувьд Засаг даргаа томилогдсоноос хойш нэмж санхүүжилт өгөөгүй. Нэгэнт бий болсон бааз суурийг ашиглан менежмэнтээ сайн хий, тариалалтаа таслахгүй, орлого ашигаа тооцож ажилла гэсэн шаардлагыг ОНӨҮГ-ын удирдлагад тавьж байгаа.

Т. Отгонтуяа
相关新闻