Эрдэнэтийн "Шинжлэх ухаан технологийн парк" шинэ үйлдвэрээ нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-10-23 14:45:30
oyuka_hu@yahoo.com
Орхон /МОНЦАМЭ/ Шинжлэх ухаан, сургалт, инновацийн үйл ажиллагаа явуулж мэдлэгт суурилсан эдийн засаг хөгжүүлэх зорилготой  анхны Шинжлэх ухаан технологийн парк нээгдлээ.

Орхон аймгийн Засаг даргын  санаачилгаар байгуулагдсан "Эрдэнэт-Шинжлэх ухаан технологийн парк” “Технологи, инновацийг хөгжүүлэх”, “Үйлдвэрлэлийн технологи”, “Хүний экологийн төв” гэсэн үндсэн гурван нэгжтэй дэргэдээ “Эрдэмтдийн зөвлөл”-тэй юм. Өнөөдөр нээлтээ хийж буй электродын үйлдвэр нь олон улсын ISO 9001:2007 стандартын шаардлагад нийцсэн олон төрлийн ган, нерж гагнах давуу талтай бөгөөд хоногт 10 тонн  электрод үйлдвэрлэх хүчин чадалтай юм. Нээлтийн ёслолын үеэр ЭШУТП-ын захирал, Ph.D Г.Энхбаяр хэлэхдээ,  “Энэ үйлдвэрийн тоног төхөөрөмжийн зардалд орон нутгийн төсвөөс 100 сая төгрөг зарцуулсан. Үүн дээр манай судлаачдын туршилт, судалгаа, зарим төрлийн тоног төхөөрөмжийг шинээр зохион бүтээх ажлуудад 150 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Үйлдвэр өөрийн өртгөө хоёр жилийн дотор нөхнө” гэлээ. Ийнхүү бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэхэд бэлэн болсон тул “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн гагнуурын электродын хэрэгцээг хангах хүсэлтээ илэрхийлээд байгаа юм. Тус үйлдвэр хоногт 60 тонн электрод хэрэглэдэг ажээ.
 
Хүний бие дэх хүнд металлыг илрүүлнэ
 
"Эрдэнэт-Шинжлэх ухаан технологийн парк”  хими, биологи, нано биотехнологийн лаборатори байгуулах зорилт дэвшүүлж үүний хүрээнд “Хүний экологийн төв” буюу химийн лабораторио ашиглалтад орууллаа. Тус төв нь обьект, ус, хөрс, агаар болон бүх төрлийн хүнс, гоо сайхны бүтээгдэхүүн, эм, эмийн бүтээгдэхүүн, ахуйн хэрэглээний бараа материалаас хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх 22 төрлийн хүнд металл, 5 төрлийн металл бус химийн элементийг тодорхойлох судалгааг хийх юм. Эдгээрээс хүний үс, шүлс, цус, шээсэнд шинжилгээ хийж хүнд металл тодорхойлно. Ингэснээр хүний эрүүл мэндийг хамгаалах, орчны химийн сөрөг нөлөөллийг судалж, урьдчилан сэргийлэх ач холбогдолтой гэж ЭШУТП-ын судлаачид тайлбарласан юм. Энэ нь үйлдвэр дагасан Эрдэнэт хотод нэн чухал төв гэж үзэж буйгаа нээлтийн ёслолд оролцсон зочид онцолж байлаа. “Хүний экологийн төв” нь одоогоор судалгаа, шинжилгээний 50 орчим арга, аргачлалыг амжилттай туршаад байгаа гэнэ. Уг төвийг нээхэд орон нутгийн төсвөөс 60 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.
Б.Оюун-Эрдэнэ
 
相关新闻