ОРХОН: Агаарын чанарын автомат станцыг ашиглалтад орууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-05-27 14:25:57

Баян-Өндөр, 2025 оны тавдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Орхон аймагт агаарын чанарын автомат станц ашиглалтад орлоо. 


Тус станц нь агаарын чанарыг хүхэрлэг хий, азотын исэл, нарийн тоос зэрэг 6 төрлийн 8 үзүүлэлтээр хэмждэг бөгөөд хүний оролцоог халсан, 24 цаг, 365 хоног тасралтгүй ажиллах хүчин чадалтай юм.


Тус автомат станцыг БНСУ болон Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны хамтын ажиллагааны хүрээнд буцалтгүй тусламжаар 21 аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвүүдэд байгуулж байгаа юм. 


Агаарын чанарын автомат станц нь Ус, цаг уур, орчны шинжилгээний төвд технологийн дэвшилтэт шинэ хуудсыг нээхээс гадна орчны хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж байна.


Тодруулбал, нүүрс, шатах төрлийн материал, авто тээврийн хэрэгслээс ялгарч байгаа бохирдлыг хэмжиж чадсанаараа хянах, тохируулга хийх, стандартаас давсан бохирдол ялгаруулж байгаа тохиолдолд эрх бүхий байгууллагад шуурхай мэдэгдэж, зохих арга хэмжээ авах боломжийг бүрдүүлж байгаа юм.






相关新闻