Хархорин суманд морин эргүүл ажиллаж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙӨвөрхангай /МОНЦАМЭ/. Хархорин сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсээс "Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил"-ыг эрчимжүүлэх зорилгоор Нарийн хүр, Орхон, Шанх, Жалбаа, Онгоцны Ухаа зэрэг таван багт морин эргүүлийг 10 дугаар сарын 19-өөс ажиллуулж эхлээд байна. Эргүүлийн унах морийг малчдын дэмжлэгээр гаргаж байгаа аж.
Морин эргүүл нь малчдад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 10 дугаар зүйл, Зөрчлийн тухай хуулийн 13 дугаар зүйл, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлд заасныг сурталчлан таниулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, уриалгыг хүргэн ажиллах юм.
Малчид хууль, эрх зүйн мэдлэгтэй болсноор малын хулгайн гэмт хэрэгтэй бүх нийтээрээ тэмцэж, урьдчилан сэргийлэх ач холбогдолтой хэмээн үзэж байна.
Б.Батчимэг