С. Бат- Эрдэнэ: Хаа холын америк иргэн модон хувинг маань захиалж авсан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-10-21 19:37:57
Дундговь /МОНЦАМЭ/. Уржнан жил Дундговь аймаг 31 сайн малчин тодруулж, сайн малчиддаа аймгийн Засаг дарга нэгэн онцлог шагнал гардуулсан нь саалийн модон хувин байсан юм. Дөрвөн хүчитний нэг арслангийн  дүрийг зэсээр товойлгосон сэнжний суурьтай, нүүрэн талдаа Дундговь аймгийн лого бүхий мөнгөн товхтой саалийн  хувинг өнгөрсөн жил ч мөн аймгийн сайн малчдад гардуулсан билээ. Сайн малчны хойморт залрах энэхүү саалийн хувинг Сайнцагаан сумын 7- р багийн иргэн С.Бат- Эрдэнэ урладаг. Түүний үйлдвэрлэлийн талаар сонирхон ярилцлаа.
 
-Хэр удаан хугацаанд та үйлдвэрлэл эрхэлж явна вэ?
-Арван таван жил болж байна. Анх би 2002 онд "ТЭББЭ" ХХК- аа байгуулж, гэрийн модон тавилга, хаалга, тооно хийдэг болсон юм. Арав гаруй жил ингэж ажиллаж байгаад сүүлийн гурван жилд саалийн модон хувингаа дагнан хийж байна. 
-Модон хувин хийх ийм санаа хэрхэн төрсөн тухайгаа та сонирхуулаач?
-Анх нэгэн настай хүн хагсаад бутарчихсан хуучны модон хувингаа засуулах гээд бариад ирсэн юм. Тэр хөгшний хувинг засаад өгсөн чинь тун аятайхан болсон. Эндээс л саалийн модон хувин хийх санаа төрсөн гэх үү дээ.
Би өөрөө хөдөө өсч торнисон хүн. Бага ахуйд манай хөгшчүүл том модон ган тэмээндээ ачаад худгаас ус зөөдөг, ус халчихна гээд хом ширдэг ган дээрээ хаячихдаг байсан юм. Сүү саалиа ч модон хувинд саана. Тэр ахуйгаа бодсон ч тэр, модон сав суулга бидний эрүүл мэндэд тустай гэдэг үүднээс ч тэр уламжлалт энэ хэрэглээг эргээд сэргээе гэж бодсон юм. Модон хувин эко бүтээгдэхүүн болж чадна. Малчид маань сүү саалиа хуванцар сав суулганд биш уламжлалт модон хувиндаа хадгалдаг болог, тэрийг нь би хийж өгье гэсэн санаагаар модон хувин хийж эхэлсэн юм. Монголчууд бид байгальтайгаа ойр байх учиртай ард түмэн гэж би боддог.



- Саалийн модон хувинг ашиглахгүй удахаар мод нь хагсчихдаг.Та ямар технологиор хийдэг вэ?
-Хувин хийе гэж сэдчихээд яг ямар технологиор хийх вэ, яавал хагсахгүй, завсар зай гарахгүй байх вэ гээд бараг хоёр жил бодсон л доо. Янз бүрээр хийгээд л байсан. Түүний эцэст хувин хийх модондоо тосон боловсруулалт хийх нь зөв юм байна гэдэг санааг олсон юм.Энэ бол миний үйлдвэрлэлийн технологи учраас нарийн ширийнийг ярих хэрэггүй байх. Энэ технологио би оюуны өмчийн газарт бүртгүүлж гэрчилгээ авсан. Модон хувин бол эртнээс нааш манай ард түмэн хийгээд ашиглаж ирсэн зүйл учраас модон хувинг биш хийж байгаа орчин үеийн технологийг нь бүртгэж авсан юм л даа.
 Ямар ч байсан сэдсэн технологи маань зөв юм байна гэж бодож байгаа. Яагаад гэвэл хувин худалдан авсан хүмүүсээс ашиглаж болохгүй байна гэсэн хэл үг огт гараагүй байна.
Хувингаа будаж шунхдахгүй, өнгөлж лакдахгүй, цавуудахгүй, хадахгүй. Хүрэн бор өнгөтэй болохоор хүмүүс лакаар өнгөлчихсөн гэж андуурдаг тал бий. Шар тосоор өнгөлдөг юм. Тэгээд зэс, гуулиар бүслүүрдэнэ. Зарим хүн мөнгөөр бүслүүрдэе гэж захиалга өгдөг. Би хувингаа эко сав гэж хэлэх дуртай.
-Хэдэн төрлийн хувин сав байна вэ?
-Хамгийн том нь 75 литрийн ган бий. Манайхан андуу, тун, хөөрцөг, хавчиг, тоотон, жандаг гээд янз янзаар нэрлэдэг юм билээ. Түүнээс доош 30 литр, 12, 6 литрээр хийж байна. Айрагны сөн бас хийж байна. Хүмүүс хэдий хэр багтаамжтай гэж захиална, түүгээр л хийнэ.
-Хувингийн “гоёл” утга бэлгэдэл агуулдаг байх, тийм үү?
- Үргэлжилсэн чандмань хээгээр бүслүүрийг эмжиж хийдэг.Зээ бад хээгээр сэнжний суурийг чимдэг. Энэ бол бат бэх, хүчирхэг байдлыг илэрхийлдэг. Ихэвчлэн сүм дуганы хаалганы сэнж ийм хээтэй байдаг. Муу муухайг дотогш нэвтрүүлэхгүй гэсэн утгатай. Түүн шиг энэ хувинд ч муу идээ орохгүй гэсэн агуулгаар зээ бадаар чимэглэдэг юм.
-Захиалга ихтэй байдаг уу?Борлуулалтаа хэрхэн хийж байна вэ?
-Захиалга тасардаггүй.Анх хувингаа олноор хийчихээд “Дундговь Түншлэл” үзэсгэлэн худалдаанд тавьж, орон нутгийн шилдэг бүтээгдэхүүнээр шалгарсан юм. Тэр өвөл нь аймгийн сайн малчдын шагнал болгож манай хувинг сонгосон. Өнгөрсөн хавар бас сайн малчдад өгсөн. Энэ жилийн цагаан сараар ч мөн өгөх байх гэж бодож байгаа. Аймгийн ЗДТГ- аас гадна ХХААХҮ- ийн яам улсын тэргүүний саальчдад өгөхөөр захиалж хийлгэсэн. Богино хугацаанд хэрэгцээтэй хүмүүст манай хувин ийнхүү хүрч чадсанд бид баяртай байдаг.
Одоо байнгын захиалгатай. Энэ сард бид 60 хувин бэлэн болгох гээд шаргуу сууж байгаа нь энэ. Дорнод, Ховд, Увс, Өмнөговь гээд хэд хэдэн аймгийн малчдаас захиалга ирсэн. Үндэсний уламжлалт модон хувин сав гэсэн нэрээр фэйсбүүк хуудас үүсгээд бүтээгдэхүүнээ танилцуулсан чинь хол, ойроос ирэх захиалга нэмэгдсэн. Хамгийн хол нь АНУ- ын иргэн авсан даа.
-Тийм үү. Сонирхолтой тохиолдол байна
-Тэр америк иргэн фэйсбүүк хуудаснаас олж хараад холбоо барьж, дөрвөн хувин худалдаж авсан.  Хаа холын америкаас модон хувинг сонирхон авч байна гэхээр байгалийн цэвэр түүхий эдээр хийсэн аль нэгэн бүтээгдэхүүнийг дэлхий нийтээр сонирхдог цаг үе нэгэнт ирчихсэн гэдгийг харуулж байгаа нэг жишээ юмуу даа. Өвөрмонгол иргэд бас их сонирхож байгаа. Тэнд болсон үзэсгэлэн худалдаанд ч оролцож байсан. Цаашид Буриад, Тува, Халимагийн ард иргэдэд бүтээгдэхүүнээ танилцуулахсан гэж бас хүсдэг.


-Үнэ ханшийн хувьд та танилцуулаач?
-Том жижиг, зэс, гууль, мөнгөн бүслүүртэйгээс хамаараад 80- 500 мянган төгрөгийн үнэтэй.
-Та цехдээ хэдэн хүнд ажлын байр бий болгож өгөө вэ?
-Наймуулаа ажиллаж байгаа. Мужаан, дархчуултай. Ажилчид маань 3- 5 жил тогтвортой ажиллаж байгаа. Залуучуудыг нэмж ажиллуулъя гэж бодсон. Харамсалтай нь тогтвортой ажиллаж өгөхгүй, цалин ахиутай гээд уул уурхай, барилгын ажил хийнэ гээд явчихдаг. Надад хожим хэрэгтэй юмуу, сураад авъя гэсэн бодолтой хандах нь үгүй л байна.
- Үйлдвэрлэлдээ зориулж хөнгөлөлттэй зээл авдаг уу?
-Үгүй. Авч үзээгүй л байна. Банкнаас л зээл авдаг. Төрөөс дэмждэг хөнгөлөлттэй зээлд хэрвээ хамрагдаж чадвал үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжөө сайжруулах хүсэл бий.
-Баярлалаа. Танд амжилт хүсье
 
 Т. Отгонтуяа
 
 
相关新闻