Ханбогд суманд 1,8 мвт хүчин чадалтай уурын зуух барьж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Ханбогд суманд 1,8 мвт хүчин чадалтай уурын зуух барьж байна.
Тус сумын ИТХ, ЗДТГ-ын захиалгаар 1.8 мвт-ийн хүчин чадалтай хоёр зуухыг шинээр барихаар шав тавьж эхний зуухыг барьж эхэлжээ.
Сумын төвийн дулаан хангамжинд хийж буй энэ ажил нь хамгийн олон хэрэглэгчидтэй, ач холбогдол өндөртэй бүтээн байгуулалт юм. Энэхүү бүтээн байгуулалтыг “Оюутолгой” ХХК-ийн “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гийн 296 сая төгрөгийн санхүүжилтээр хийж байна.
Уг зуухыг барьснаар аймагтаа 1.8 мвт-ын зуухны анхдагч нь болох бөгөөд цаашид нэг зуухыг шинээр нэмэх боломжтой аж. Мөн төсвийн байгууллагууд болон, хувийн хэвшил, айл өрхүүд нэгдсэн дулаанд холбогдох нөхцөл бүрдэж байгаа юм. Барилгын ажлыг ирэх сард хүлээлгэн өгөх бөгөөд гүйцэтгэгчээр “Очир-Энерги” ХХК ажиллаж байна.
Энэхүү зуухын хэвийн тогтвортой ажиллагааг хангаж хариуцагчаар “Хандизель” ОНӨААТҮГазар ажиллах бөгөөд 6-7 ажлын байр шинээр нэмэгдэнэ.
Д.Мишигсүрэн