Баян-Овоо суманд зургаан өрхийг гэртэй болголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-10-19 12:45:20
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын зургаан өрх өргөө цагаан гэртэй боллоо.
Тус сумын Засаг даргын 2017 оны үйл ажиллагааны хөтөлбөрт өрхийн орлого бага, суманд ирж ажиллаж буй залуу боловсон хүчнүүд, байгалийн гамшгийн үед гэр орон нь сүйдсэн айл өрхүүдэд гэр олгохоор тусган ажиллаж байгаа юм. Үүнийхээ дагуу энэ сард зургаан өрхийг гэртэй болголоо.
"Оюу Толгой" ХХК-ийн ажилчдын кэмпид ашиглаж байсан хуучин гэр ирснийг тооно, хаалга, багана зэргийг нь бүрэн засварлаж сэргээн  орон гэр нэн шаардлагатай өрхөд гардуулан өглөө. Могойт багийн иргэн Цэвээнруламын Энхтайван, Самганы Жаргалсайхан, Цогбадрахын Наранбаатар, Харзаг багийн иргэн Мэндбаярын Оюун-Эрдэнэ, Налих багийн иргэн Шаравын Эрдэнэзориг, Ерөнхий боловсролын дунд сургуулийн бага ангийн багш Энхжаргалын Алтангэрэл нарт сумын удирдлагууд гэрийг нь хүлээлгэн өгсөн байна.
Д.Мишигсүрэн
相关新闻