Энэ онд 100 мянган тонн баяжмал үйлдвэрлэхээр төлөвлөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-10-19 09:56:13
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудын нөхцөл байдалтай танилцах ажлын хэсэг "Эм Эл Цахиурт-Овоо"-н уурхай дээр ажиллалаа. Төмрийн хүдэр олборлодог тус уурхай нь Монгол Улсын Засгийн газрын уул уурхай дэмжих хөтөлбөрийн хүрээнд энэ оны дөрөвдүгээр сараас албан ёсоор үйл ажиллагаагаа эхлээд байна. Нийт 87,9 сая тонн нөөцтэй, жилд 1,3 сая тонн баяжмал боловсруулах хүчин чадалтай. Энэ жилийн хувьд 100 мянган тонн баяжмал үйлдвэрлэхээр төлөвлөжээ.

“Уурхай маань улирлын чанартай ажиллаж байгаа. Энэ жилийн хувьд 11 дүгээр сар хүртэл үйлдвэрлэлийн ажил, ачилт он дуустал хийгдэх байх. Бид 40 мянган тонн баяжмал зах зээл дээр нийлүүлсэн, одоо ачигдах 80 мянган тонн баяжмал байна. Дэлхийн зах зээл дээр төмрийн хүдрийн үнэ өсч байгаад бид их баяртай байгаа. Энэ бол шинэхэн уурхайн хувьд бэхжих, үйл ажиллагаагаа жигдрүүлэх том боломж. Уурхай байгуулагдаад удсан, техник хэрэгсэл удаан ашиглагдаагүй гэдэг утгаараа техникийн саатал багагүй байлаа, мөн эрчим хүч цахилгааны доголдол бидний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. Тиймээс бид эрчим хүчний газартай энэ асуудлаа даруй шийдвэрлэхээр гэрээ байгуулан хамтран ажиллаж байгаа. Одоогоор уурхайн үйл ажиллагаа хэвийн явж байна...” хэмээн уурхайн Монгол талын захирал С.Шархүү хэллээ.

"Эм Эл Цахиурт-Овоо" ХХК нь энэ оны хагас жилийн байдлаар усны, хүн амын албан татвар, ашигт малтмалын, газрын, гадаадын иргэдийн квотын гээд нийт 114,9 сая төгрөгийн татварыг орон нутагт төвлөрүүлжээ.

“Энэ уурхай бидний танилцаж буй 10 дахь уурхай. Хэдийгээр үйл ажиллагаа нь эхлээд удаагүй байгаа ч богино хугацаанд жигдэрсэн байна. Одоогоор бүх зүйл хуулийн дагуу байна. Харин туслан гүйцэтгэгч компанийн хувьд хэд хэдэн дутагдалтай тал байна. Энэ зөрчлийг богино хугацаанд арилгах үүрэг өглөө. Уурхайн нийт ажилчдын дийлэнх нь орон нутгийн иргэд байгаа нь хоёр талын гэрээний заалтын нэг биелэлт гэж хэлж болно. Ажлын хэсэг ирэх долоо хоногт Эрдэнэцагаан суманд ажиллаад тайланг ИТХ-ын тэргүүлэгчдэд танилцуулж, хэлэлцүүлнэ...” гэж ажлын хэсгийн ахлагч Д. Амарбаясгалан хэлэв.

Сүхбаатар аймгийн Уулбаян сумын нутагт байрлах Эм Эл Цахиурт-Овоо ХХК-ийн уурхай нь 2011 онд байгуулагдсан. 2011-2016 оны хооронд уурхайн бүтээн байгуулалтын ажил хийгдэж, Тус уурхай нь өдгөө 122 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна. Үүний 21 нь гадаадын иргэн бол үлдсэн ажилчид нь  орон нутгийн иргэд аж. Энэ оны тавдугаар сард гэхэд л орон нутгаас шинээр 85 ажилтан авчээ. Мөн бүтээгдэхүүний тээвэрлэлтийг дандаа орон нутгийн тээврийн компаниуд гүйцэтгэж, үүгээр дамжуулан 40 гаруй жолооч ажлын байраар хангагдаж байгаа ажээ.
 
Т. Одончимэг
 
相关新闻