Гурилан бүтээгдэхүүний илчлэг тодорхойлдог байхыг иргэд хүсч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-10-18 19:27:44
Дундговь /МОНЦАМЭ/. Орон нутагт үйлдвэрлэж байгаа гурилан бүтээгдэхүүний ихэнхид шимт бодисын агууламж, уураг илчлэгийн хэмжээг тодорхойлоогүй байдаг. Ийм шинжилгээ хийх боломж ч одоогоор орон нутагт хараахан бүрдээгүй байна.  
Одоогоор хүнсний манлай үйлдвэр “Мандалговь Хүнс” ХХК- аас гадна аймгийн төвд арав шахам гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид ажиллаж байгаа бөгөөд “Мандалговь Хүнс” ХХК- ийн хувьд бүтээгдэхүүнийхээ шимт бодис, уураг, илчлэгийг Улаанбаатар хотод тодорхойлуулж байгаа бол бусад үйлдвэрлэгчдийн хувьд ингэж чаддаггүй ажээ.
Гурилан бүтээгдэхүүний хэрэгцээний дийлэнх хувийг Улаанбаатараас зөөж хангадаг байсан нэг үеийг бодвол сүүлийн таван жилд талх, нарийн боов, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид Дундговь аймагт нэмэгдэж, орон нутгийнхаа хэрэгцээний 60-70 хувийг хангадаг болжээ. Гурилан бүтээдэхүүнийг орон нутагтаа үйлдвэрлэж байгаа нь хэрэглэгчдийн гарт шинэ тутамд хүрч чаддаг, амт чанар сайтай, үнэ хямд байдгаар давуу талтай.  Гэхдээ зарим талаар хаяг шошго, сав баглаа боодлыг сайжруулах шаардлагатай байдгийг иргэд хэлдэг юм. 
Шошго бол тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэж буй үнэн зөв мэдээлэл болдог. Ялангуяа хүнсний бүтээгдэхүүний хувьд шошгон дээрх мэдээлэл тун чухал учраас гурилан бүтээгдэхүүний шошгон дээр орц, найрлага, үйлдвэрлэсэн он сараас гадна хамгийн чухал нь шимт бодисын агууламж, уураг, илчлэгийн байдлыг тодорхойлсон байхыг хэрэглэгчид хүсч байна.
 

Т. Отгонтуяа
 
相关新闻