Хүний эрхийн үндэсний комиссынхон Өмнөговьд ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь /МОНЦАМЭ/ Хүний эрхийн үндэсний комиссын ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллаж байна.
Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүн Н.Ганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций сумдад ажилласан бол өнөөдөр аймгийн төвд ажиллаж байна. Аймгийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн, алба хаагчид, бусад агентлагийн удирдлагуудтай уулзан уул уурхай, нөлөөллийн бүс, нөхөн сэргээлт, биологийн олон янз байдлын дүйцүүлэн хамгаалалт зэрэг чухал сэдвүүдээр санал солилцлоо.
"Өнгөрсөн жил хилийн хоёр боомтын орчинд хүний эрх зөрчигдөж байгаа асуудал болон зарим уул уурхайд хатуу хучилттай авто замгүйгээс байгаль орчинд хохирол учирч байгаа талаар зөвлөмж хүний эрхийн комиссоос манайд ирүүлсэн. Аймгийн хувьд хөрөнгө оруулалт хийж Гашуун сухайтын боомтын наад талын ашиглахгүй байсан гурван байшинг засварлан, Ханбогд сумын Хайрхан багийн төвийг орууллаа. Тэнд ундны усны асуудлыг шийдэж өглөө. Одоо цэвэр бохирын сүлжээг хийх гэж байна. Багийн төв болон цагдаа, эмнэлгийн үйл ажиллагааг явуулах боломжийг бүрдүүлж төрийн үйлчилгээг Гашуунсухайт боомтын наад талд байгаа иргэдэд ойртууллаа. Харин тэнд Засгийн газрын хийх ажлууд их бий. Тухайлбал боомтыг цэгцлэх, нүүрсний тээвэрлэлтийн замд гарч байгаа асар их аваар осолтой холбоотой тээврийг цэгцлэх зэрэг саналуудаа хүргүүлээд байгаа" гэж аймгийн Засаг даргын орлогч С.Мөнхбаяр ярилаа. Мөн "Эрдэнэс таван толгой" болон зарим уул уурхайн компаниудад уурхай доторх замаа хатуу хучилттай болгох талаар тухай бүрт нь мэдэгдэл хүргүүлж байгаагаа аймгийн орлогч дарга хэлсэн юм. Хүний эрх, аюулгүй байдлыг хамгаалж, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх хэрэгтэйг Хүний эрхийн комиссынхон онцоллоо. Уулзалтын үеэр Хүний эрхийн үндэсний комиссын ажлын хэсгийнхэн уул уурхай, тоосжилт, нөхөн сэргээлттэй холбоотой асуултаа асууж зохих хариултуудыг авлаа.
Д.Мишигсүрэн