Хонины нэг кг мах 3000 төгрөгийн үнэтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-10-16 21:46:19
Дундговь /МОНЦАМЭ/. Мандалговь хотын хүнсний захад махны үнэ өнгөрсөн жилийн өдий үеийнхтэй адил түвшинд буюу хямд байна. Хонины нэг кг мах 3000, үүнээс хямдарч 2900 төгрөгөөр, ямааных 2800 төгрөгөөр худалдаалагдаж байна. Энэ бол малчдын гар дээрээс хүнсний захын гадна талбайд худалдаалагдаж байгаа махны үнэ юм.
Хүнсний зах дотор лангуун дээрхи махны үнэ дээрхээс даруй 1000 төгрөгөөр илүү. Гэхдээ лангуун дээр хонь, ямааны мах ховор байна.
Хамгийн элбэг худалдаалагдаж байгаа нь адууны мах бөгөөд малчид ч тэр, махны худалдаачид ч тэр адууны махыг кг- ыг нь 4000- 4500 төгрөгөөр худалдаалж байна. Ойрын өдрүүдэд махны худалдан авалт бага, малчдын мах нийлүүлэх сонирхол нэмэгдсэн байдалтай. Ирэх сард ч махны үнэ энэ хэвээр үргэлжлэх төлөвтэй байна.
Т. Отгонтуяа
 
相关新闻