“Гэгээн тамлан” арав гаруй жилийн дараа үзэгчдэд дахин хүрлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-10-15 15:18:47
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Төв Халхын дуулалт жүжгийн театр 75 дахь жилийнхээ өвөл цагийн үзвэрийн нээлтийг хийж, урын сангийнхаа шилдэг бүтээлүүдээ үзэгчиддээ хүргэж байна. Өвөл цагийн үзвэрийн нээлтэд зориулсан уран бүтээлийн салхийг хагалж Төрийн соёрхолт Ардын уран зохиолч Б. Лхагвасүрэнгийн зохиолоор Монгол Улсын УГЗ Ч. Ганхуягийн найруулсан “Гэгээн тамлан” жүжгийг арав гаруй жилийн дараа үзэгчдэд дахин хүргэв.

Театр урлагийн “Гэгээн муза” наадмаас шилдэгийн шагналыг хэд хэдэн төрөлд хүртэж байснаар “Гэгээн тамлан” жүжиг Дундговь аймгийн театрын түүхэнд үнэтэй байр суурь эзлэн бичигдэж үлдсэн байдаг. Төрийн соёрхолт Ардын уран зохиолч Б. Лхагвасүрэнгийн зохиолоор Монгол Улсын Урлагийн гавъяат зүтгэлтэн Ч. Ганхуяг найруулан 2006 онд Дундговь аймгийн театрын жүжигчид “Гэгээн тамлан” жүжгийг тайзнаа тоглож байсан юм. Энэ жүжгээр тухайн үед “Гэгээн муза” улсын уралдаанд амжилттай оролцож, жүжгийн гол дүрийг бүтээсэн жүжигчин С.Ариунбямба шилдэг эрэгтэй, жүжигчин Б. Алимцэцэг шилдэг эмэгтэй дүрийн шагналыг хүртсэн бол найруулагч Ч. Ганхуяг шилдэг найруулагч, зураач П. Цэгмид шилдэг тайзны зураачийн шагналыг тус тус гардаж байсан билээ.

Энэ удаад “Гэгээн тамлан” жүжгийг МУСТА, жүжигчин С. Ариунбямба сэргээн найруулж, Төв Халхын дуулалт жүжгийн театрын дэргэдэх “Алтан өд- 2” уран бүтээлийн нэгдлийн жүжигчид тоглож, үзэгчдэд хүргэсэн юм.
Өвөл цагийн үзвэрийн нээлтэд зориулсан тоглолтууд Д. Мэндсайханы зохиол, Урлагийн гавъяат зүтгэлтэн Б. Баатарын найруулсан “Хөхөө” эмгэнэлт драмын жүжиг, Төрийн шагналт зохиолч Д. Төрбатын зохиол, МУСТА С. Ариунбямбын найруулсан “Хүүхэн засуулч” инээдмийн жүжгээр өнөөдөр, маргааш үргэлжилнэ.
Мөн нэрт соён гэгээрүүлэгч Зава Дамдин гавжийн мэндэлсний 150 жилийн ойд зориулан МУСТА Б. Түвшинтөрийн найруулан үзэгчдэд хүргэсэн “Түгээмэл яруу” концертыг ч өвөл цагийн үзвэрийн нээлтээр үзэгчид дахин хүлээн авчээ.

Т. Отгонтуяа
 
 
相关新闻