Завхан аймгийн нийт нутгийн 60 хувьд бэлчээрийн ихээхэн даац хэтэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-10-13 13:22:01
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний албанаас аймгийн 2017-2018 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг тодорхойлсон тухай мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд өглөө. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2017-2018 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргасан байна.
Завхан аймгийн бэлчээрийн даацыг нийт нутгаар тооцоолж гаргасан дүнгээс үзвэл аймгийн нийт нутгийн 20 хувь нь бэлчээрийн нөөцтэй, 20 хувь нь бэлчээр хүрэлцээтэй, 35 хувь нь бэлчээрийн даац 1-3 дахин хэтэрсэн, 10 хувь нь 3-5 дахин хэтэрсэн, 15 хувь нь бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн гэсэн дүн гарчээ. Нийт нутгийн 40 хувь нь  бэлчээрийн нөөцтэй буюу хүрэлцээтэй, 60 хувь нь бэлчээрийн даац хэд дахин буюу олон дахин хэтэрсэн байна.
Аймгийн гангийн байдал, ургамлын гарц, малын тарга тэвээргээс харахад энэ жил өвөлжилт хүндрэх төлөвтэй байна. Хадлан өвс бэлтгэх, тэжээл нөөцлөх, отор нүүдэл хийх зэрэг ажлыг өөрсдийн дотоод нөөц бололцоон дээр тулгуурлан оновчтой, шуурхай зохион байгуулахыг УЦУОШГ-аас зөвлөж байна. Харин аймгийн хэмжээнд бэлчээрийн хомсдол хавсарч даац их хэмжээгээр хэтэрсэн нутаг нь Алдархаан сумын Аргалант, Баянтэс сумын Хачиг, Жавхлан, Цагаанчулуут сумын Арц, Цэцэн-Уул сумын Жаргалант, Дөрвөлжин, Ургамал сумын бүх баг, Эрдэнэхайрхан сумын Баянзүрх, Бага нуур, Алтан, Хайрхан багууд байна. Бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн Их-Уул сумын Хонгор, Сантмаргац сумын Холбоо, Сонгино сумын Шар нуруу, Тэлмэн сумын Өгөөмөр, Баян айраг, Тэс сумын Нисэг, Зүр, Тосонцэнгэл сумын Баян улаан, Завханмандал  сумын Мандал, Олонбулаг, Нуга, Отгон сумын Бадрал багуудын нутаг дэвсгэр байна. Харин бэлчээрийн даац 1-3 дахин хэтэрсэн нутгаар Түдэвтэй сумын Баянцагаан, Сант, Ойгон, Идэр сумын Мануустай, Загастай гэхчлэн 18 сумын 30 багийн нутаг дэвсгэр орж байна.       
Б.Мягмарсүрэн              
相关新闻